Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын цуврал аллагын эзэн нэмж олон хэрэг үйлдсэнээ хүлээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын цагдаа тус улсын түүхэнд гарсан хамгийн том цуврал аллагын эзнийг илрүүлснээ зарласан билээ.

1986-аас 1991 оны хооронд нийслэл Сөүлээс өмнө зүгт орших Хвасеон тосгоны орчимд нийт 10 эмэгтэй хүчиндүүлж алагдсан юм. Хохирогчид нь өсвөр насны охиноос эхлээд 70 гаруй настай ахмад хүртэл байжээ.

Уг хэргийг үйлдсэн этгээд нь одоо шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа 50 гаруй насны эрэгтэй болохыг тогтоосон байна. 30 орчим жилийн дараа хэргийг илрүүлэхэд орчин үеийн ДНХ шинжилгээний технологи тусалсан юм.

Түүний хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгсөн байна.

Сэжигтэн нь Хвасеон тосгоны орчимд гарсан 10 аллагын есийг нь үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Харин үлдсэн нэг хэргийг өөр хүн үйлдсэн байна.

Үүнээс гадна тэр өөр таван хүн амины хэрэг, 30 орчим удаагийн хүчингийн хэргээ нэмж хүлээжээ. Сэжигтний ааш зан өнгөрсөн долоо хоногоос эхлэн гэнэт өөрчлөгдөж, мөрдөн байцаагчдад дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх болсон байна.

Тэрээр хэрэг гарсан газрын байрлалыг хүртэл цаасан дээр зурж үзүүлсэн гэнэ.

Одоо мөрдөн байцаагчид түүний нэмж хүлээсэн хэргүүдийг баримтуудтай тулган баталгаажуулахаар ажиллаж эхэлжээ. Хэдийгээр сэжигтэн үйлдсэн хэргүүдээ хүлээсэн ч Өмнөд Солонгосын хуулиар хэргүүдийн шалгах хугацаа хэтэрсэн тул нэмж ял оноохгүй юм байна.

Хвасеоны цуврал аллагын тухай “Memories of Murder” уран сайхны киног 2003 онд найруулагч Бон Жүн Хо бүтээж байв. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын телевизийн зарим сувгууд хэргийн эзэн илэрсэнтэй холбогдуулан энэ киног дахин үзүүлсэн байна.

 

Эх сурвалж: CNN