Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захиргаа олон нийтийг хамарсан жагсаал цуглаанд оролцохдоо нүүрэндээ баг зүүхийг хориглох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конг хотод дөрвөн сарын турш иргэдийн жагсаал тэмцэл өрнөж байгаа.

Тэгвэл тус хотын захирагч Кэрри Лам дэг журам тогтоохын тулд нэгэн онцгой хоригийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Энэ нь олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр иргэдийг нүүрэндээ баг зүүхийг хориглох журам юм. Хонг Конгчууд тэмцлийнхээ үеэр өөрийгөө таниулахгүйн тулд баг зүүх, нулимс асгаруулагч хийнээс хамгаалахын тулд утааны баг зүүх, резинэн сумнаас хамгаалахын тулд нүдний хаалт, дуулга хэрэглэж байгаа.

Энэ бүхнийг хориглосноор тэмцлийн эрчийг бууруулна гэж Кэрри Ламын засаг захиргаа тооцож буй бололтой. Шинэ журмыг гаргахдаа Британийн колоничлолын үеийн онц байдлын тухай хуулийг үндэслэх юм байна. Уг хуулийг сүүлийн хагас зуун жилд ганц ч удаа хэрэглээгүй гэдэг.

Шинэ журам Баасан гарагийн шөнө дундаас эхлэн хэрэгжиж эхлэх тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Журмыг зөрчсөн этгээд нэг жил хүртэл хугацаагаар хоригдох, эсвэл 250,000 хонгконг долларын торгууль хүлээх шийтгэлтэй болох гэнэ.

Өнөөдөр өглөө Кэрри Ламын засаг захиргааны бүрэлдэхүүн төв байрандаа хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн байна. Үдээс хойш Хонг Конгийн захирагч хэвлэлийн бага хурал зарлаж, шинэ журмыг танилцуулах төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post