Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил эрчимтэй өрнөж байна.
Барилгын ажлын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж, газар шорооны ажлын 60 хувь, буталсан чулуун суурь 24 километр, суурь асфальтбетон хучилт 18 километр, өнгө асфальтбетон хучилтыг 15 километр хийж гүйцэтгээд байна.
Нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа ба уг авто замыг 2020 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
"Энэхүү авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэдэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдэнэ. Мөн эдгээр аймгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг" Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус бүс нутагт ажиллах үеэрээ онцолж байв гэж ЗТХЯ-наас мэдээллээ.