Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтийг цааш явуулах эсэхийг өнөөдөр шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг өчигдөр Төрийн байгуулалт болон, Хууль зүйн байнгын хороодоор өчигдөр хэлэлцлээ. 

Үүний өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг тулд ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэдэг байр сууринд нэгдсэнээ мэдэгдсэн. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин Хууль зүйн байнгын хорооноос МАН-ын бүлэгтэй ижил буюу хоригийг хүлээж авахаас татгалзсан. 

Ийнхүү хайнцсан хоёр дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хагална. Хэрэв МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадвал хоригийг хүлээж авалгүйгээр, Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэхийг ард түмнээсээ асууна. Харин эсрэг санал олонх болбол хоёрдугаар хэлэлцүүлгээр багцалсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл задарч, хэлэлцүүлэг дахин үргэлжилнэ.

Энэ тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх талаар хуульч М.Баасанжав “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчөөр зүйл, заалт бүрээр хянан батлуулна гэдэг процесс руу ороод батлагдах уу үгүй юу гэдэг байдал бий болох гээд байна” хэмээсэн юм. 

Байнгын хороодын хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг товчлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ерөнхийлөгчийн хоригийн зарим үндэслэл хоёрдугаар хэлэлцүүлэг давсан Үндсэн хууль руу орчихсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа УИХ-аас баталсан хууль болон бусад шийдвэрийн төсөлд хориг тавих ёстой. 

Хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан зүйлийг төсөл гэж харж байгаа юм уу хууль гэж харж байна уу гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асууя. Уг нь Ерөнхийлөгч батлагдсан хууль, тогтоолд хориг тавина гэдэг заалт хэвээрээ байгаа шүү дээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч хориг тавиад байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулчих гээд байгаа юм. 2000 оны алдааг УИХ давтаад байгаа учраас үүнийг давтуулахгүйн тулд хориг тавьсан. 

2000 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль гэдгээр батлаагүй. Хууль гэдэг үг ороогүйгээс цэцээс хоёр шийдвэр гарчихсан байгаа. Хүчинтэй, хүчингүй гэдэг. Цэц энэ шийдвэрээсээ буцахгүй юм билээ. Үндсэн хуульд “нэмэлт, өөрчлөлт” гээд заачихсан юм чинь энүүгээр нь явчихъя гээд дур зоргоороо шийдээд байгаа учраас зөв болго гэж сануулж байгаа юм. 

Хоёрдугаарт, техникийн алдаа гарсан, түүнийгээ зас гэж байгаа. Түүнийг засахгүй бол ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр Үндсэн хууль зөрчих гээд байна. Хоригийг хүлээж аваад энэ алдаануудаа засчихвал батлагдсан агуулгад ямар ч асуудал байхгүй. Түүнээс биш санал асуулгыг эсэргүүцээгүй. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хоригийг хүлээн авахгүй бол ард нийтийн санал асуулга зохион байгуулах ажил өрнөх болно. Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэлүүд нь зөрчилдөөнтэй байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгч хоригт заасан техникийн алдаагаа засчихвал Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юм байна гэж ойлголоо. Ард нийтийн санал асуулга дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа юм бэ. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа. Дэмжинэ, дэмжихгүй гэдэг хоёрхон хариулт авахын тулд 30 тэрбум төгрөг хайран байна. 30 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулахаар шийдлээ гэхэд хүйтэрсэн үед ирц хүрэхгүй бол яах вэ. Салхинд хийсгэсэнтэй адил болно. 

Үүний оронд УИХ гуравдугаар хэлэлцүүлгээрээ батлаад явах бүрэн боломж байна. Энэ аргаар явж яагаад болохгүй байгаа юм бэ гэдэг байр суурьтай байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ хоригтой санал нийлж байгаа зүйл бий. Зардал их байна гэдэгтээ бүрэн дүүрэн санал нэг байна.  Хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоор зарласан бол түүнээс хойш 21-45 хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа юм. Миний тооцоолсноор аравдугаар сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулах хамгийн сүүлийн хугацаа. 25 хоногийн дараа тэр хугацаа чинь дуусах гэж байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоор ард нийтийн санал асуулга явуулахаа зарласан шүү дээ. Хэрэв чадахгүй бол 73 дугаар тогтоол хэнд ч хэрэггүй болох гээд байна. Санал асуулгын тухай хууль байсаар байтал дэгийн тухай хууль ярьж явсаар байгаад ийм мухар руу орчихлоо. Одоо энэ дээр дахин маргаан үүснэ. Одоо л жинхэнэ зөвшилцөх шаардлагатай болоод байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хоригийг УИХ, эрх баригчдад алдаа засах боломж олгож байна гэж харж байна. Тиймээс энэ асуудлаар зөвшилцөхөөр АН-аас МАН-д санал хүргүүлсэн. Энэ ажил дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл МАН-ын бүлгээс хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргасан нь туйлын яарсан үйлдэл. УИХ процессын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй бол мухардалд орно. Эцсийн шийд яаж гарахыг хэн ч тааж чадахгүй нөхцөл байдалд энэ хууль орчихоод байна.