Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Банк руу хандсан цахим халдлагуудын тухай мэдээлэл өгнө

ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Интернэт, кибер ертөнцийн, тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид цуглаж, илтгэл тавьж, зөвлөгөө өгдөг MNSEC-2019 өдөрлөг маргааш Шангри-Лад болох гэж байна.

Энэ арга хэмжээнд оролцдог цахим ертөнцийн “манаач” нар олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм.

Сонирхуулж хэлэхэд маргааш болох өдөрлөгийн үеэр Монголд болсон халдлагуудын тухай мэдээллийг хүргэх аж.  Мөн Монголын банкнуудын холбооноос хортой халдлагуудын тухай ярих юм байна.  Түүнчлэн, халдлагыг илрүүлэх индикаторууд буюу тэрийг яаж хэрэглэх тухай яриа өрнөх гэнэ.  

 “MNSEC 2019” аюулгүй байдлын  өдөрлөгийг зохион байгуулагч нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC юм. Тус газар нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. MNCERT/CC-ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC  зургаа дахь жилдээ болж байгаа нь энэ юм. MNSEC арга хэмжээнд таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн оролцжээ.

Сонирхуулж хэлэхэд тус өдөрлөгийн үеэр “Харуул занги” нэртэй ёс зүйт хакеруудын тэмцээн болдог юм байна.  

Өдөрлөгийг зохион байгуулагчид “Хакерууд дотроо хоёр янз.

Сайн, муу гэж бий.

Ёс зүйт хакеруудын хувьд тухайн улс, байгууллагад  үүсч буй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлдэг. Энэ үүднээс ингэж нэрлэсэн. Тэмцээн гурван шаттай явагддаг. Эхний шатнаас 20 баг шалгарна. Үүнээс дахин шигшигдсэн 10 баг энэ сарын 4-ний өдөр финалын шатанд өрсөлдөнө. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ жил эхний шатанд 125 баг оролцсон. Нэг баг гурван хүнтэй гэхээр хэр олон залуус хамрагдаж байгааг тооцож болно. Мөн бид “Харуул занги” тэмцээн өргөжиж байгаагийн хэрээр төрөлжүүлж “Харуул занги U18” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах болсон. Уг тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тавдугаар сард болдог юм. Бид сурагчдыг багаас мэдээлэл технологийн салбарт сонирхолтой болгох үүднээс насны ангилал гаргасан” гэж сонирхууллаа.

Дашрамд дурдахад тус өдөрлөгийг энэ жил нээлтээ хийсэн мэдээллийн технологийн  “Нэст эдүкэйшн” ахлах сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Г.Туяацэцэг