Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Оргил-Эрдэнэ: Дарханы замын хөдөлгөөнийг 11 дүгээр сард нээхээр ажиллаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг шинэчилж байгаа билээ.

Замын бүтээн байгуулалтын ажил анх эхлэхэд л 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд мэдэгдсэн.

Гэвч одоог хүртэл замын зарим хэсгийн хуучин хучилтыг хуулаагүй байгаа нь ирэх сард ашиглалтад оруулж амжих болов уу гэсэн эргэлзээг төрүүлж буй тухай иргэд мэдээлсэн.

Тиймээс Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа.

- Дархан- Улаанбаатар чиглэлийн замын гүйцэтгэл хэдэн хувьтай явагдаж байна вэ?

- Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засварын шинэчлэлтийн ажлыг таван хэсэгт хуваан ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг та бүхэн мэднэ.

Өнөөдрийн байдлаар:

Нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил  43.71 хувьтай,

Хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 13.6 хувьтай,

Гуравдугаар багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 34.6 хувьтай

Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 10.9 хувьтай,

Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 24.3 хувьтай явж байна. Ажлын явц нийтдээ 24.3 хувьтай байна.

Одоогоор нэгдүгээр багцын хучилт эхэлж, өнөөдрийн байдлаар 2 км гаруй замыг хучсан байна.

2 болон 4 дүгээр багц дээр хиймэл байгууламжийн ажил хийгдсэн бөгөөд нийт 66 хиймэл байгууламжийн ажил хийхээс 28-г нь хийсэн бол гуравдугаар багц 2.2 км замыг цементээр хучсан байна.

Харин дөрөвдүгээр багц хиймэл байгууламжийн ажлаа хийсэн. Одоо далангийн ажлаа хийж байгаа. Тавдугаар багцын хувьд цементээр хучилтийн суурийн ажил эхэлж 2.8 км-г хучсан.

График төлөвлөгөөг гаргаж харахад хоёр, дөрөвдүгээр багцын ажил муу явж байгаа бөгөөд ирэх сар гэхэд замыг ажлыг дуусгаж амжихааргүй байдалтай байгаа юм.

- Тэгвэл 11 сард ашиглалтад оруулахгүй гэсэн үг юм уу?

- Бид бүхэн ямартай ч өгсүүр, уруу буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудыг бүгдийг нь энэ сардаа багтаан хучиж дуусгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд ямар ч байсан ирэх сарын 1-н гэхэд замыг нээнэ.

Зарим газар хуучин замаа одоо хүртэл хуулаагүй байна. Харин хуулсан хэсэг газруудаа яаралтай хучиж хөдөлгөөнийг нээх юм.

Замууд дээр ажиллаж байгаа компаниудтай хийсэн гэрээ ирэх оны зургаадугаар сарын 24-нд дуусах ёстой. Тендер шалгаруулахдаа ч Азийн хөгжлийн банктай нэг жилийн хугацаанд замыг тавьж дуусгана гэж тохирсон.

Тийм учраас 2 болон 4 дүгээр багц дээр ажиллаж байгаа "Чайна Стэйт Констракшн Шинжиан Констракшн Инженеринг Групп" ХХК нь гэрээт хугацаандаа л дуусгана гэсэн байр суурьтай байна. Харин өдөр тутмын ажлын явцыг хянадаг зөвлөх компанийн зүгээс үнэхээр энэ компани ажлаа хийж чадахгүй байгаа учир гэрээгээ цуцлах саналтай байна.

Манай яамны зүгээс ч тухайн компанитай гэрээгээ цуцлаад өвөл замын ажил явагдахгүй байх хооронд тендерээ дахиж зарлах байр суурьтай байгаа.

Дархан-Улаанбаатар чиглэлийн зам шинэчлэлийн ажил нь өөрөө Азийн хөгжлийн банкны дүрэм журмаар явагдаж учир бид Азийн хөгжлийн банканд удаа дараа тухайн компанийн эрхийг цуцлах зөвшөөрөл өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

Уг нь дээрх шалгарсан компани олон улсад зам тавьж байсан туршлагатай. Тийм учраас энэ зам дээр яагаад ийм удаашралттай ажиллах болсон тал дээр Азийн хөгжлийн банк нарийвчилсан судалгаа хийж, дараа нь гэрээ цуцлах хүсэлтэд хариу өгнө.

- Ажлын гүйцэтгэл дутуу байгаа замыг яагаад заавал арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах гээд байгаа юм бэ? 

- 2018 оны сүүлээр гэхэд л хуучин зам дээр 312 удаагийн осол гарч 35 хүн эндсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг.

Тиймээс маш түргэн хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан замтай болгох нь зөв.

Их засвар шинэчлэлийн хүрээнд огцом өгсүүр, эргэлтийг алга болгож хатуу хучилттай замаа нээхгүй бол хүйтний улирал хаяанд ирж байхад иргэд түр замаар зорчиход улам хүндрэлтэй болно.

Бид нэг хоногийн өмнө ч гэсэн хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангасан замыг ашиглалтад оруулахаар компаниудыг шахаж ажиллаж байна.

Гэхдээ ингэлээ гээд зам чанаргүй болно гэсэн үг биш. Олон улсын зөвлөх компани өдөр бүр төлөвлөгөөний дагуу хяналтаа тавьж байгаа учир замын стандартад өөрчлөлт орохгүй.

Дарханы замыг 4 эгнээтэй болгох төсөл гурван жил үргэлжилнэ

- Тэгвэл Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар дахин шинэ 2 эгнээ зам барих ажил юу болж байгаа вэ? 

- Энэ асуудал дээр иргэдэд тайлбарлахад Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгох төсөл гурван жил үргэлжилнэ.

Одоо бол Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хоёр эгнээтэй хуучин замын их засварын ажил хийгдэж байгаа юм.

Харин дараагийн барих хоёр эгнээ зам бол Европын сэргээн босголтын банкны хөрөнгөөр баригдах шинэ төсөл гэдгийг сануулах нь зүйтэй.

Гэтэл манайхан шууд л Азийн хөгжлийн банкны тусламжаар дөрвөн эгнээтэй зам барина гэж буруу ойлгоод илүү бухимдаад байх шиг байна.

Шинэ төслийн тендер нь одоогоор тендерийг нь зарласан явж байгаа бөгөөд гүйцэтгэгчээ сонгон шалгаруулаагүй байгаа бөгөөд төсөл гурван жил үргэлжилнэ.

Эхлээд бид бүхэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт олдсон дээр хуучин замаа шинэчлэх нь хамгийн чухал асуудал.