Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг-Пакистаны хооронд цөмийн дайн дэгдвэл 125 сая хүн үхэх тооцоо гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр сөргөлдөөний байдалтай байгаа Энэтхэг, Пакистан улсуудын хооронд цөмийн дайн дэгдвэл хэдхэн өдрийн дотор 125 сая хүний амь үрэгдэж, дэлхийн уур амьсгалд томоохон өөрчлөлт гарахыг сүүлд хийсэн судалгааны дүн харуулжээ.

Уг судалгааны тайлан өчигдөр буюу Лхагва гарагт Science Advances шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Цөмийн дайны уршгаар дэлхийн цаг агаар сэрүүсэж, агаарын температур сүүлчийн Мөстлөгийн Үеийн хэмжээнд хүрэх гэнэ. “Ийм дайн дэгдвэл зөвхөн бөмбөгдүүлсэн газар оронд биш, дэлхий нийтэд гамшиг нүүрлэнэ” гэж судалгаанд оролцсон Рутгерсын их сургуулийн профессор Алан Робок ярьжээ.

Цөмийн нэг бөмбөг дэлбэрэхэд л 700,000 хүн үхэхийг компьютер симуляцийн аргаар тогтоосон байна. Мөн дэлбэрэлт бүрийн дараа их хэмжээний утаа тортог агаарт тарж, “цөмийн өвөл” үүсэхэд цаг агаар сэрүүсэж, ургац алдсанаар дэлхий даяар асар том өлсгөлөн болохыг тооцоолжээ.

“Энэ дайн хүн төрөлхтний хэзээ ч үзэж байгаагүй гамшиг байх болно” гэж судалгааны ахлагч Брайан Түүн ярьсан байна. Тэрээр 1980-аад оны үед анх “цөмийн өвөл” хэмээх нэр томъёог бий болгож байсан судлаач юм.

Энэтхэг, Пакистан улсуудад одоо нийт 300 орчим цөмийн зэвсэг байгаа. Саяын судалгаанд дүгнэснээр хоёр улс энэ хэвээр сөргөөцөлдсөөр байвал 2025 онд цөмийн дайн дэгдэх магадлалтай гэнэ. Тухайн үед хоёр улсын цөмийн зэвсгийн тоо 500 хүртэл нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Брайан Түүн “Бидний судалгааг Энэтхэг, Пакистаны эрх баригчид олж үзээсэй гэж хүсэж байна” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today