Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Сансрын Станц энэ долоо хоногт олон зочинтой байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд байрладаг хүн төрөлхтний зочид буудал болох Олон Улсын Сансрын Станц энэ долоо хоногт ер бусын их ачаалалтай байна.

Хэвийн үед тус станцад 3-6 сансрын нисэгч байрладаг.

Харин Мягмар гарагт авхуулж, дэлхийд илгээсэн гэрэл зураг дээр есөн сансрын нисэгч байгааг харуулжээ.

Станцын багийн бүрэлдэхүүн солигдож байгаа тул хэсэгхэн хугацаанд тэд ийм олуулаа байгаа юм. Тэднээс гурав нь өнөөдөр орой дэлхийд буцаж ирнэ.

Багийн ахлагч, Оросын сансрын нисэгч Алексей Овчинин өчигдөр ажил үүргээ Италийн Лука Пармитанод хүлээлгэн өгчээ. Тэр өнөөдөр Ник Хаг (АНУ), Хазза Аль Мансури (АНЭУ) нартай хамт Казахстаны нутагт шүхрээр буух юм.

Арабын Нэгдсэн Эмират улсын анхны сансрын нисэгч Мансури өнгөрсөн Баасан гарагт энд ирсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа ийнхүү буцаж байна.

Түүнтэй хамт Олон Улсын Сансрын Станцад ирсэн Жессика Мэйр (АНУ), Олег Скрипочка (ОХУ) нар үлдэж, цааш ажиллах ажээ.

Станцад үлдэж байгаа шинэ багийнхан гурван сарын дотор 10 удаа задгай сансарт ажиллаж түүхэн дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй байна.

Энэ долоо хоног сансрын нисэгчдийн хувьд үйл явдлаар дүүрэн байжээ. Тэднээс Пармитано, Хаг, Овчинин нарын төрсөн өдөр энэ долоо хоногт тохиож, Даваа гарагт АНУ-ын сансрын нисэгч Кристина Кок тойрог замд өнгөрүүлсэн 200 дахь өдрөө тэмдэглэсэн байна.

Тэрээр 2020 оны хоёрдугаар сард дэлхийд буцаж ирэх бөгөөд ингэснээрээ сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй болж түүхэнд бичигдэх юм.

 

Эх сурвалж: Business Insider