Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос шумбагч хөлгөөс пуужин харвах туршилтыг амжилттай гүйцэтгэснээ зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг шумбагч хөлгөөс харвах зориулалттай баллистик пуужинг амжилттай туршсанаа өнөөдөр зарлажээ.

Лхагва гарагийн өглөө энэхүү туршилтыг гүйцэтгэсэн юм. Ирэх Бямба гарагт Америк-Умард Солонгосын яриа хэлэлцээг сэргээх анхны уулзалт товлогдсон байгаа.

Тиймээс уулзалтын өмнө шинэ зэвсгээ туршиж байгаа нь Вашингтонд сануулга өгөх зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээ хоёрдугаар сард Ханой хотод Трамп-Кимийн уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш мухардалд ороод байгаа.

Пёньяны төв хэвлэл пуужинг усны мандлаас босоо чиглэлд харвасан бөгөөд хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэж мэдэгджээ.

Туршилтад оролцсон эрдэмтэн судлаачдад Ким Жон Ун халуун баяр хүргэсэн тухай мөн мэдээлсэн байна.

Өчигдөр туршсан Пукгуксон-3 пуужинг тус улсын зүүн эргийн усанд шумбагч хөлгөөс харвасан гэнэ. Пукгуксон нь Умард Солонгосын хатуу түлштэй пуужингуудыг нэрлэдэг нэр юм. 

 2016 онд Пукгуксон-1 пуужинг усан дор байрлуулсан сууринаас харваж байв. Хуурай газраас харвах зориулалттай Пукгуксон-2 пуужинг үүнээс жилийн дараа туршиж байжээ.

Умард Солонгосын туршсан пуужин зүүн тэнгисийн дээгүүр 450 км зам туулахдаа дээд тал нь 910 км өндөрт хүрсэн тухай Өмнөд Солонгосын арми өчигдөр мэдээлсэн юм. Пуужин Япон улсын усан хилийн дотор туссан тул Токиогийн засгийн газар Пёньянд эсэргүүцэл илэрхийлжээ.

Уг пуужинг стандарт өндөртэй траектороор харвавал 1,500-аас 2,000 км туулах чадвартай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press