Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Хүүхдүүдээ бүтэн өгүүлбэрээр урамшуулах нь хайрлаж байгаагаа мэдрүүлэх чухал ач холбогдолтой

ikon.mn
2019 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн дэргэдэх “Элит багачууд” цэцэрлэг энэ жил БСШУСЯ-наас гаргасан Сайжруулсан цөм хөтөлбөр, “Cambridge Primary” хөтөлбөрөөс гадна өөрсдийн шинэ хөтөлбөрийг хөгжүүлэн хэрэгжүүлж, хүүхдүүддээ хүмүүжил, боловсрол олгохоор ажиллаж байна. Тухайлбал, тус цэцэрлэгийн монгол багш нарын энэ хичээлийн жилд тавьсан зорилгуудын нэг нь эцэг, эхчүүдтэй хамтарч хүүхдүүдийг бүтэн өгүүлбэрээр урамшуулах замаар өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ үгийн санг нь баялаг болгох гэнэ.

“Элит багачууд” цэцэрлэгийн эцэг, эхийн хурлын үеэр дээр дурдсан шинэ хөтөлбөрүүдийн талаар сургалтын менежер, сэтгэл зүйч Б.Батцэцэгтэй ярилцлаа. Тус цэцэрлэгт энэ жил зургаан орны хүүхэд багачууд хүмүүжиж байна.


-Энэ жил цөм хөтөлбөр шинэчлэгдсэн гэж байсан. Ямар шинэчлэл, давуу тал бий болсон тадаар яриагаа эхлүүлье.

-БСШУСЯ-наас энэ жил цөм хөтөлбөрийг “Сайжруулсан сургалтын цөм хөтөлбөр” болгон нэлээд шинэчилсэн. Шинэ хөтөлбөрийн гол онцлог нь эцэг, эхийн оролцоог өндөр байлгах шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийн ахицыг өмнө нь амьдралаас хол, 100 гаруй асуулга бүхий хүснэгтээр зөвхөн багш үнэлээд, тэр нь цэцэрлэгтээ үлддэг байсан бол энэ жилээс багш ч тэр, эцэг, эх ч тэр ажиглалтын аргаар хүүхдүүдээ хамтран үнэлдэг болж байна. Асуулгын хувьд ч цөөхөн буюу маш оновчтой 45 асуулттай болж шинэчлэгдсэн. Бид энэ шинэчлэлийг маш их талархан хүлээж авч байгаа.

Ингэснээр багш, ээж, аав нар хамтраад хүүхдийнхээ давуу талыг хөгжүүлж, нуугдмал зан чанарыг илрүүлж, дэмжиж, сул талыг олж засахад илүү дөхөм болох юм. Тиймээс эцэг эхчүүд “Багш нар л зааж, сургах ёстой” гэсэн хандлагаар биш, хүүхдүүдийнхээ төлөө яаж хамтрах боломжтой вэ гэдэг дээр илүү ойр, санаа тавьж үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

Сайжруулсан сургалтын цөм хөтөлбөртэй холбогдуулаад бид багш нараа ч сургалтад хамруулсан.

-“Элит багачууд” цэцэрлэг бол олон улсын хөтөлбөртэй цэцэрлэгүүдийн нэг. Тиймээс гадаад хөтөлбөрийн талаар ээж, аав нар илүү сонирхох болов уу. Ямар шинэлэг зүйл нэвтрүүлж байгаа бол?

-Улаанбаатар Элит ОУ дунд сургууль нь Кембрижийн хөтөлбөрийг 1-12-р ангиуддаа хэрэгжүүлдэг. Кембрижийн “Primary” хөтөлбөр маань өөрөө 5 наснаас эхэлдэг юм. Гадаад хөтөлбөрийн хувьд бид таван настнуудынхаа ангид Кембрижийн “Primary Stage 1” хөтөлбөрийн эхний хэсгийг үзэхээр хөтөлбөртөө тусгасан байдаг. Ингэснээр хүүхдүүд маань сургуульд орохдоо илүү сайн суурьтай болж бэлтгэгддэг. Манай цэцэрлэгт өнгөрсөн жил нийт 7 улсын хүүхдүүд сурч байгаад “Улаанбаатар Элит” олон улсын сургуульдаа элсэн орсон бол энэ жил Орос, АНУ, Хятад, Казакстан зэрэг 6 улсын хүүхдүүд сурч байна.

Мөн монгол хүүхдүүд маань гадаад үсэг болон тоог өөрт эвтэйхан байдлаар буруу зөрүү бичих гээд байдаг. Тиймээс бид зөв бичих арга техникийг эзэмшүүлэхэд таван настнууддаа түлхүү анхаардаг.

-Гадаад хэл заахын зэрэгцээ хүүхдүүдэд монгол соёл уламжлалыг таниулах нь чухал. Энэ тал дээр танай цэцэрлэг хэрхэн анхаардаг вэ?

-Тэгэлгүй яахав. Бид хүүхдүүдэд илүү сайн ойлгуулж, хэвшүүлэх үүднээс тухайн цаг үетэй нь уялдуулж сэдэвчилсэн хөтөлбөрүүд бэлтгэсэн байгаа. Тухайлбал, Цагаан сарын баярын үеэр тухайн сард Монголын үндэсний өв соёл, уламжлал, хувцас хэрэглэл гээд энэ талын бүх мэдлэгийг олгохоор төлөвлөсөн. Энэ бол манай цэцэрлэгт уламжилж ирсэн үйл ажиллагаа юм.

Түүнээс гадна бид өмнөх жилүүдэд, жишээлбэл намрын улиралд зөвхөн байгалийн талаар мэдлэг олгодог байсан бол энэ жил тухайн улирлын талаар цогц ойлголтыг хүүхдүүдээ өгөхөөр хөтөлбөр гаргасан. Тухайлбал, аравдугаар сард “Намар” гэсэн сэдвийг сонгох бөгөөд энэ улиралд яаж хувцаслах, юу идэх, ямар жимс ногоо ургаж, байгаль орчинд ямар өөрчлөлт гардаг гэгчлэн бүх төрлийн ойлголыг өгөх хичээлүүдийг заах юм. Ингэснээр цогц мэдлэг хүүхдэд ч илүү ойр, ойлгомжтой болно.

-Хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлээр ямар төлөвлөгөө гаргасан бол уу?

-Өнгөрсөн хичээлийн жилд бид уран зураг болон бүжгийн дугуйлангаа шинэчлэн явуулсан нь маш амжилттай болсон тул энэ жил бүр өргөжүүлэхийн зэрэгцээ хөгжмийн дугуйланг нэмж хичээллүүлэхээр болсон.

Тухайлбал, зургийн дугуйлангаар зөвхөн ийм тийм зүйл зур гэж даалгавар өгөх биш, хүүхдийн сэтгэлгээг илүү чөлөөтэй хөгжүүлэх үүднээс төрөл бүрийн материалаар бүтээл хийж турших төлөвлөгөөг зургийн багш маань гаргасан. Зөвхөн хуулуулж зуруулбал хүүхдийн дүрслэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ хязгаарлагддаг. Гэтэл хүүхэд болгон гайхамшигтай уран бүтээлч гэдэгт би итгэдэг. Энэ хичээлийн жилийн төгсгөлд хүүхдүүдийнхээ бүтээлээр үзэсгэлэн гаргана. Манай багш болгон мэргэжлийн ур чадвартай, туршлагатай хүмүүс байгаа гэдгийг энд дурдах хэрэгтэй.

 

Түүнчлэн бид хүүхдүүдээ хогоо зөв хаяж сургах хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хаягдал зүйлсээр юу хийх боломжтой талаар ойлголт авч, өөрсдөө туршиж хийх хичээл зургийн дугуйлангийн хөтөлбөрт орсон байгаа. Хүүхдүүдээ энэ дадалд сургах үүднээс хог зөв хаяж сургах маш хөөрхөн шинэ тоглоомууд авч сургалтандаа ашиглаж байна. Хүүхдүүд маань нийгмийн амьдралд эртнээс бэлтгэгдэж, хүрээлэн буй орчныхоо өмнө хүлээж буй хариуцлагаа ойлгож эхэлдэг.

Цэцэрлэг ч мөн адил байгаль орчиндоо ээлтэй байж, хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх үүднээс үйл ажиллагааны явцад гарч буй цаасныхаа хогийг хаягдал авдаг компаниудад борлуулж, олсон орлогоо эргээд хүүхдүүдтэйгээ хамтран хийх ажилд зарцуулахаар төлөвлөсөн.

Бас нэг хичээлийг онцолмоор байна. Бүжгийн дугуйлангаар хөгжимт хөдөлгөөн ашиглан хүүхдүүдийг өөрийгөө өөр өнцгөөр илэрхийлэх, нээж харуулах талыг нь хөгжүүлж байна. Бүжгийн хичээлээр зөвхөн хэдэн бүжиг сурдаг, хөдөлгөөний эвсэлтэй болдог гэсэн ойлголт байдаг, гэхдээ энэ нь хязгаарлагдмал ойлголт юм. Хөгжимт хөдөлгөөнөөр хүүхэд өөрийн зан чанар, бие хүний онцлогоо гарган илэрхийлдэг чухал хэрэгсэл юм. Энэ хичээл нь маш өвөрмөц, чухал хичээл тул бид өндөр хүлээлттэй байгаа. Багш маань энэ чиглэлээрээ нэлээд олон судалгаа хийгээд, ном гаргачихсан туршлагатай багш юм.

Хөгжмийн дугуйлангийн хувьд хичээлийн жилийн төгсгөлд хүүхэд бүр дор хаяж нэг хөгжмийн зэмсэг тоглодог болсон байх, тэр зэмсгийн талаар ойлголттой болсон байх юм.

-Сургалтын хөтөлбөрүүдийг харахад нэлээд ачаалалттай мэт харагдаж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүх дугуйланд хамруулах сонирхолтой байдаг учраас хүүхдүүдээ баг болгон зөв зохион байгуулаад аль болох ачаалал өгөхгүйгээр жигд хамруулахаар төлөвлөгөө гаргасан. Энэ дурдсан дугүйлангууд хүүхдүүдийн маань хөгжилд чухал ач холбогдолтой тул бүх хүүхдүүдээ ачааллыг нь зөв хуваарьлан оролцуулах болноо. 

-Ээж, аав нарын бас сонирхол нь хүүхдүүдээ номонд дуртай болгох гэж хичээдэг. “Элит багачууд” цэцэрлэг энэ чиглэлээр өнгөрсөн жилээс онцгой анхаарч эхэлсэн гэж байсан. Энэ тухай ярихгүй юу?

-Манай цэцэрлэг өнгөрсөн жил “Хөөрхөн шар шувуу” хүүхдийн хөгжлийн төвөөс тусгай сургалт авч, нэг багш болон эцэг, эхчүүдээ хамруулсны үндсэн дээр 4-5 насны хүүхдүүдэд зайлшгүй уншиж өгөх номуудыг бүрдүүлж, номын сантай болсон. Үүний үр дүнд багш нар маань ч номын хүчээр хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга барилд суралцаж, эхнээс нь үр дүнг нь үзсэн. Тиймээс энэ жил номын сангаа илүү баяжуулж, БНСУ-ын “RIS kids academy” хэмээх олон улсын хөтөлбөртэй цэцэрлэгтэй хамтран ажиллаж, ашиглаж буй ном, багш нарын гарын авлага зэргээс цэцэрлэгтээ авчиран.

Монгол багш нар маань өдөр бүр унтлагын цагийн өмнө монгол үлгэр уншиж өгч байгаа. Гадаад багш нар мөн зарим өдөр англи ном уншиж өгдөг юм. Хүүхдүүд эхлээд зарим нь, шинэ хүүхдүүд тэр тусмаа үлгэрээ сонсоод тоодоггүй байсан бол хэсэг хугацааны дараа бүгдээрээ ном уншлагын цагийг хүлээдэг болдог.

-Эцэг, эхийн хурлын үеэр энгийн мэт хэрнээ нэг шинэ санаачилга маш их таалагдсан. Тэр нь хүүхдүүдийг бүтэн өгүүлбэрээр урамшуулах замаар үгийн санг нь нэмэгдүүлэх гэж байсан. Энэ тухай тайлбарлахгүй юу?

-Энэ бол манай монгол багш нарын 2019-2020 оны хичээлийн жилийн зорилгуудынх нь нэг. Жишээлбэл, “Тоглоомоо хураацгаагаарай” гэхийн оронд “Бүгдээрээ одоо хоолоо идэх юм чинь эхлээд тоглоомоо хураацгаая” гэх зэрэг бүтэн өгүүлбэрээр ярих, асуултанд нь бүтэн хариулж урамшуулах нь хүүхдэд илүү хүрч, анхаарч байгааг илтгэх бөгөөд өөртөө итгэлтэй, нээлттэй болоход нь чухал нөлөөтэй. Мөн бүтэн өгүүлбэр хэрэглээд ирэхээр хүүхдийн үгийн сан нь нэмэгддэг. Гэхдээ үүнийг зөвхөн багш нар хэлэх биш ээж, аавууд маань гэртээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тэгж байж үр дүн гарна. Түүнээс биш “За”, “Тийм байна” гэхчлэн богино өгүүлбэрээр хариулах, эсвэл хүүхдээ сонсоогүй хэрнээ сонссон мэт хуурч болохгүй. Хүүхдэдээ цаг гаргаж байна гэдгээ мэдрүүлэх нь чухал.

Энэ дашрамд хэлэхэд, ээж, аав нар маань хүүхдэдээ, хүмүүжилд нь хамгийн гол нөлөөлөгч гэдгээ маш сайн ойлгоосой гэж хүсдэг. Аав ээжийн үлгэр дууриалал, зарчим шаардлага, хайр энэрэл нь хүүхдийн тань хүмүүжил, төлөвшилд хамгийн чухал үүрэгтэй гэдгийг байнга санаж байгаасай гэж хүсдэг. Цэцэрлэг, сургууль л бүх зүйлийг зааж сургах ёстой гэсэн бодолтой битгий байгаасай, ийм хандлага маш учир дутагдалтай, хүүхдүүдэд маань хохиролтой юм шүү. Хүүхдүүддээ бид хамтарч байж илүү сайн зүйлсийг сургах боломжтой юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна.

-Бас нэг сонирхол татсан зүйл нь “Хүүхдүүдийг ногоонд дурлуулах хөтөлбөр” байсан. Ээж, аав нар ч их сонирхож байх шиг байсан.

-Үүнийг манай эцэг, эх нараас санаачилсан. Зөв санаачлага учраас бид дэмжээд, хэрэгжүүлэхээр шийдсэн. Учир нь ээж, аавуудын хувьд ч, цэцэрлэгийн хувьд ч хүүхдүүдийг хүнсний ногоо идүүлж сургах нь том асуудал болсон. Тиймээс бид бусад газраас туршлага судалж, хоол зүйчээс зөвлөгөө авсны үндсэн дээр энэ ажилд зориулж тусгайлсан ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Хүнсний ногооны ач холбогдол, эрүүл хооллолтын талаар сургалтуудаа хичээлийн агуулгадаа илүү сайн багтааж өгөх юм.

-Хүнсний ногооны талаар ярьсных хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар асуухгүй бол болохгүй. Ялангуяа, удахгүй өвөл болох гэж байна. Ханиад томуу дэгдэх цаг ойртож байна. Үүнээс урьдсилан сэргийлэх үүднээс ямар нэгэн ажил хийх үү?

-Манай цэцэрлэг жил болгон мэргэжлийн эмч нар авчирч хүүхдүүдийнхээ нүд, сонсгол, чих, шүд зэргийг үзүүлдэг. Ингэснээр жишээ нь харааны асуудалтай хүүхэд байвал урьдчилан мэдэх боломжтой. Үүнээс гадна 14 хоног тутамд “Улаанбаатар Элит” сургуулийн эмч хүүхдүүдийг үзэж хянадаг. Шаардлагатай бол тухай өдөр нь ч үзүүлэх боломжтой. Магадгүй ээж, аав нь хоолойг нь өвдсөнийг анзаараагүй бол бид үзүүлээд мэдээлэх юм. Энэ ажлын гол зорилго нь өвчнийг урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа.

-Хүүхдүүдийн хөгжлийн талаар нэлээд ярилаа. Хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэхэд багшийн хөдөлмөр гол үүрэг гүйцэтгэнэ. Ээж, аавууд сайн багшийн гарт хүүхдүүдээ өгөх дуртай байдаг шүү дээ. “Элит багачууд” цэцэрлэг багш нарынхаа хөгжилд хэрхэн анхаарч байна вэ?

-Багш нарын хувьд монгол, гадаад мэргэжлийн хүмүүс байгаа. Энэ жил бид хоёр ангидаа тус бүр нэг туслах багш авсан. Тиймээс үндсэн багш нарын маань хүүхдүүдэд хооллох, асрахад зарцуулдаг цаг буурах юм. Тиймээс багш нар маань хүүхдүүдээ хөгжүүлэхэд илүү цаг гаргах нөхцөл бүрдсэн тул илүү ахиц гарна гэж харж байгаа. Мөн бид БНСУ-ын цэцэрлэгтэй тогтоосон харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гадаад улсуудын олон өөр цэцэрлэгтэй холбоо тогтоон хамтарч ажиллахаар зорьж байна.

Түүнээс гадна бид багш нарыгаа ажилдаа дуртай байж, сэтгэл хангалуун ажлаа хийх нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс маш ойр ажиллаж, сурч боловрох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, энэ тал дээр онцгой анхаарч байна. Ингэж байж багш хүн чин сэтгэлээсээ ажилдаа хандана шүү дээ. Нийгмийн талд нь ч гэсэн дэмжлэг үзүүлэхэд цэцэрлэгийн зүгээс анхаараад ажиллаж байгаа.

Багш нарын баяр тохиож буйг ашиглан нийт хамт олондоо, Монгол улсад сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нартаа, Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэндийг хүргэж, ирээдүй хойч үедээ хувь нэмэрээ оруулж буй ариун үйл хэрэгт нь ажлын өндөр амжилтыг хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.