Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

16 жил гудамжинд дуулж, бүжиглэж байгаа зургаан хүүхдийн эх төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг хүслээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

16 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зургаан хүүхдийн эх тэрбээр 1991 онд нөхрөө зуурдаар алдаж хэцүү амьдралтай нүүр тулах болжээ.

Тэрбээр “1991 онд төр засаг дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг хүчээр нөхөн олговор нэртэй тэтгэврийг тогтоож ажилгүй болгосон. Энэ үед би улсад 16 жил ажилласан байсан учир уг тэтгэвэрт хамрагдаагүй. Хүүхдүүдэд эцгээс нь тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сард 928 төгрөг өгдөг байсан нь бидний амьдралд хаана ч хүрэлцдэггүй байсан. Энэ үеийн нийгэм маш хүнд байсан ба олон хүүхдүүдийн  амьдрал золиос болж, сургуулиас завсардаж эхэлсэн. Улс эх орныхоо иргэн нь болж төрөөд төрийн хайраас гадуур гарсан. Ялангуяа хагас болон бүтэн өнчин хүүхдүүд ингэж хэлмэгдсэн гэж би боддог.

Ажил орлогогүй хэн ч байсан ядарна шүү дээ. Юутай ч үр хүүхдээ өлсгөж, хүнээс дутаахгүй юмсан гэсэн хүсэл байсан боловч санаснаар болоогүй.

Хүүхдүүд минь идэх хоолгүй үед өөр бусадтай нийлж гурилын үйлдвэрээс хаягдлыг нь авч гамбир хийж иддэг байлаа.

Тэгээд өөрийн эрхгүй аялгуу дуунд хөтлөгдсөн юм. Яагаад гэвэл нэг охин маань 24 насандаа хүндээр өвдсөн. Тэр үед мөнх хөх тэнгэртээ охиныг минь залуугаар нь битгий авч яваач гэж залбирдаг байлаа.  

Анх 1996 онд ууган хүү, охиныхоо хамт гэр бүлийн хандивын тоглолтыг Сэлэнгийн долгио чуулганд хийж, овоо хэдэн төгрөгтэй болоод охиныхоо эмчилгээний үнэтэй эмийг авч өгсөн. Охины бие нь байнга мууддаг тул түргэн их дууддаг байсан. Сүүлдээ түргэн ч ирэхээ больдог юм билээ.

Тэр үед аймгийн соёл урлагийн зөвлөл хариуцсан эмэгтэйд учраа хэлэхэд "үнэхээр охин чинь үхэх гээд байгаа бол Улаанбаатарт багшийн дээдэд очоод дуулахгүй юу" гэсэн.

Тэгээд л дүү нарыг нь зоригжуулаад гудамжинд гараад тоглож эхэлсэн. Эхэндээ ичиж санаа зовж байсан ч ард түмэн сайхан хүлээж авсан.

20 гаруй жил гудамжинд тоглож явахдаа охиноо хөл дээр нь босгосон. Бас нэг жижигхэн дутуу барьсан байшинтай болсон.

Би өнөөдөр алдарт эх болчихоод яагаад төрийн хараа хяналтаас гадуур гудамжинд, цагдаа нарт хөөгдөөд, архичдад дээрэлхүүлээд, наймаачдад ад үзэгдэж явсаар хорвоог барах ёстой юм. Ингэж явах ёсгүй. Тийм учраас би төрийн гурван өндөрлөг намайг тусалж дэмжихийг хүсэж байна” гэв.