Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндөр үнэлэгдэж байгааг онцлон дурдав.
Мөн сайд Хеадер Вьеелерийн эрхлэх асуудалд хамаардаг бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр Монголын эрдэмтэн, судлаачид судалгаа хийж, “Ногоон уур амьсгалын сан”-тай хамтран ажиллах боломжтойг танилцуулав.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам