Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа Европын Холбоонд худалдааны дайн зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Airbus нисэх онгоцны үйлдвэрлэгч компанид Францын засгийн газар татаас өгч, шударга бус өрсөлдөөн үүсгэж байсныг Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) тогтоосны дараа АНУ-ын засгийн газар Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох болсноо зарлалаа. АНУ-ын Boeing компани Airbus-ийг шударга бус өрсөлдөж байгаа талаар гомдол мэдүүлээд байсан юм.

ДХБ-ын дүгнэлт нь Европын Холбооны орнуудын $7.5 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох замаар хариу арга хэмжээ авах боломжийг Трампын засаг захиргаанд олгож байгаа ажээ.

Аравдугаар сарын 14-нд ДХБ-тай уулзаж, импортын татварыг албан ёсны болгох хүсэлтээ Вашингтон өчигдөр илгээжээ.

Импортын шинэ татвар аравдугаар сарын 18-наас мөрдөгдөж эхлэх юм байна.

Трампын засаг захиргаа Франц, Герман, Испани, Их Британийн том оврын нисэх онгоцнуудад 10 хувийн импортын татвар оноохоор болжээ.

Мөн ирланд болон шотланд виски, дарс, олив, бяслаг, гахайн махан бүтээгдэхүүнүүд, цөцгийн тос, йогурт зэрэг олон төрлийн бараанд 25 хувийн татвар оноохоор болсон байна.

Харин анхны хувилбарт багтаад байсан Givenchy, Louis Vuitton брэндийн тансаг эдлэлүүдийг татвар оноох барааны жагсаалтаас хасжээ.

Одоогоор Хятад улстай худалдааны дайн өрнүүлж байгаа АНУ өөрийн холбоотон Европын Холбоонд ижил дайн зарлавал дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэхээр байна.

Европын Холбооны худалдааны комиссар Сесилиа Малмстром хэлэхдээ Airbus-ийн маргаантай холбоотой АНУ-ын хэрэгжүүлэх импортын татварт ижил замаар хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Францын сангийн сайд Бруно Ле Мэйр зөрчлийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь хамгийн зөв арга зам мөн боловч муу тохиолдолд АНУ-ын оноосон татварын эсрэг хатуу арга хэмжээ авах боломжтойг анхааруулсан байна.

Тэрээр Трампын засаг захиргааны шийдвэрийг “улс төрийн болон эдийн засгийн том алдаа” гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: Bloomberg