Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Хангайсайхан: Дотор агаарын чанарыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгахын тулд агаар сэлгэлтийн механик систем чухал

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нийт хүн амын 67.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хотын иргэдийн 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна. Энэ бол зөвхөн агаарын бохирдлын шууд нөлөө юм.

Харин дам байдлаар ургийн гажиг болон хүүхдийн өсөлт, хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байна. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх чиглэлээр олон талт ажлууд хийгдэж байгаа боловч зүү авах мэт нэг л өдөр энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй билээ. Иймээс хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлдэг барилга, байгууламжийн дотор агаарын чанарыг хэрхэн сайжруулах талаар энэ чиглэлээр туршилт судалгаа хийж буй дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженер Н.Хангайсайхантай ярилцлаа.

-Агаарын бохирдол гэхээр бид гадна агаарын чанарын талаар л илүү сайн мэддэг шүү дээ. Харин дотор агаарын чанарын талаар тийм ч түгээмэл мэдээ, мэдээллийг олон нийт өргөн хүрээнд авч чадахгүй байгаа болов уу. Юуны өмнө дотор орчны агаарын чанар гэж юу болох түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар яриагаа эхэлье?

-Тиймээ. Хүний тав тухтай ажиллаж, амьдрахад нөлөөлдөг хамгийн чухал  үзүүлэлтүүдийн нэг нь дотор агаарын чанар юм. Учир нь хүн амьдралынхаа 90 орчим хувийг ямар нэгэн барилга байгууламжид өнгөрөөдөг. Дотор агаарын чанарт агаарын температур, чийглэг, үнэр, агаар дахь хорт бодисууд тавилга хэрэгслийн химийн найрлага, барилгын материал болон тухайн орчинд байгаа хүний тоо хүртэл нөлөөлдөг.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80%-ийг гэр хорооллын айл өрхүүд, 10%-ийг авто тээврийн хэрэгсэл, 6%-ийг дулааны цахилгаан станц тус бүрээс ялгарах хорт утаа, хий эзэлдэг бол 4%-ийг хог шороо, хөрсний бохирдол бүрдүүлдэг болох нь тогтоогдсон. Гадна агаарын бохирдол дотор агаарын чанарыг бууруулахад ч мөн нөлөөлдөг. Иймээс дотор агаарын чанарыг сайжруулах ажлыг далайцтай хийж эхлэх нь зүйтэй гэж бодож байна. 

-Манай улсын дотор агаарын чанар хэр бохирдолтой байдаг вэ? Энэ талаар судалгаа материал байдаг уу? 

-Байгаа. Ер нь дотор агаарын чанарыг хамгийн ихээр бохирдуулах хүчин зүйл нь чийглэг болон нүүрсхүчлийн давхар исэл байдаг. Нүүрсхүчлийн давхар исэл нь олон улсын стандартад 1,000-1,200 мг/м3 байдаг бол манай улсын “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 4585:2016”-д зааснаар 1,800 мг/м3 байхаар стандартын доод хэмжээг тогтоосон байдаг.

2016-2018 оны халаалтын улиралд сургууль, цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанарт туршилт судалгаа хийж үзсэн. Тус судалгаанаас харахад дотор агаарын чанар байх ёстой хэмжээнээсээ 2.5-4 дахин бохирдолтой байгаа нь тогтоогдсон тул дотор агаарын чанарыг сайжруулах нь эн тэргүүний чухал асуудал болоод байна. 

-Энэхүү судалгааны ажлын зорилго болон судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Би дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженерээр 15 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд гадна болон дотор орчны агаарын бохирдол ихсэж байгаа нь мэргэжлийн хүний хувьд миний анхаарлыг их татаж эхэлсэн. Мөн манай улсын хэмжээнд жилдээ 5 хүртэлх насны 2,000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 15 орчим хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн гэх судалгааг хараад цочирдсон.

Гурван хүүхэдтэй ээж хүний хувьд гадна агаарын бохирдлоос маск зүүлгэж, гэртээ агаар цэвэршүүлэгч тавьсан хэдий ч тэдний ихэнх цагаа өнгөрүүлдэг цэцэрлэг, сургууль дээр нь агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах талаар бодох болсон. 

Ялангуяа эрхтний систем нь бүрэн хөгжөөгүй 5 хүртэлх насны хүүхдүүд 7 хоногийн 5 өдөр, өдөрт 10 орчим цагийг чөлөөтэй амьсгалах боломжгүй цэцэрлэгийн барилгад тоглож, наадан өнгөрүүлдэг. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд норм, стандартад заасан хүчин чадлаа 1.8-3.2 дахин нэмэгдүүлэн ачаалалтай ажиллаж байгаа нь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, дотор агаарын чанарыг бууруулах гол шалтгаан болж байна.

Яагаад гэвэл хүнээс өөрөөс нь нүүрсхүчлийн хий ялгардаг ба хүүхдийн хөдөлгөөн томчуудынхаас хэд дахин их энерги зарцуулалт өндөр байдаг нь нүүрсхүчлийн давхар исэл илүү их ялгарахад нөлөөлж байдаг. 
Иймээс цэцэрлэгийн барилгын дотор агаарын чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн ахлах Б.Мөнхбаяр багштай зөвлөлдөж, туршилт судалгааны ажлаа эхлүүлсэн. Багш маань үнэтэй зөвлөгөө өгч, удирдан чиглүүлж байгаад талархаж явдаг.

Улаанбаатар хот агаарын чанарын дөрвөн бүстэй бөгөөд 1 болон 2 дугаар бүсэд гэр суурьшлын бүс байрладаг бол 3 болон 4 дүгээр бүсэд орон сууц байрладаг. Энэхүү судалгааны ажлаа орон сууц их байрласан утаа багатай хэсгүүд болох  4-р зэрэглэлийн агаарын чанарын бүсэд хамаарах Баянзүрх дүүргийн гурван цэцэрлэг, Баянгол дүүргийн хоёр цэцэрлэгт судалгааны ажлыг хийсэн. Туршилт судалгааны дүгнэлтээр дотор агаарын чанар байх ёстой хэмжээнээсээ 2.5-4 дахин их бохирдолтой байгаа нь тогтоогдсон.

-Судалгааны дүгнэлт барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдөж байгаа юу. Таны судалгаандаа ашигласан тоног төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн үү?

-Энэхүү судалгааг хийхдээ дотор агаарын температур, харьцангуй чийглэг, нүүрсхүчлийн давхар ислийн агууламж, нарийн ширхэгт тоосонцор РМ2.5-ыг хэмждэг олон улсад хэрэглэгддэг зориулалтын багаж, төхөөрөмжүүдийг ашигласан. Судалгааны дүгнэлт үнэн, бодитой гарсан гэдэгт итгэж болно.

Судалгааны графикаас харахад хүүхдийн тоо нь агаарын чийглэгт, чийглэг нь нүүрсхүчлийн давхар исэлд, нүүрсхүчлийн давхар исэл нь дотор агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.

Мөн цэцэрлэгийн барилгуудын сорох ердийн систем нь ажилладаггүй, буцаж цохидог тул агаар сорох ердийн сувгийг ихэнх цэцэрлэгт хааж, агаар сэлгэлтийг зөвхөн дулааны улиралд цонхыг тогтмол онгойлгох, хаах замаар шийдэж байна.

Харин өвлийн улиралд цонхоо онгойлгох бараг боломжгүй байдаг. Учир нь хүүхдүүдийг даарч, салхи авч, ханиад хүргэхэд шууд нөлөөлдөг. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн уушгины багтаамж 50% хүртэл буурсныг эрүүл мэндийн байгууллага тогтоосон байсан. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа тул нарийвчлан судалсан.  

-Дээрх асуудлыг шийдвэрлэх арга зам олсон болов уу? Энэ чиглэлээр “бодит” ажил хийгдэж эхэлсэн үү? 

- Судалгааны ажлын дүгнэлтээр харьцангуй чийглэгийн хэмжээ нормоос 30-35 дээш хувиар хэтэрсэн тохиолдолд нүүрсхүчлийн давхар ислийн агууламж 1,800 мг/м3 –ээс хэтэрч байгаа нь хэмжилтээр баталгаажсан. Иймд өрөөний агаарын харьцангуй чийглэгийг 30-35 хувиас хэтрэхгүй барих, мөн дотор агаарын чанарыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгахын тулд агаар сэлгэлтийн механик системийг төлөвлөх шаардлагатай гэсэн шийдэл гарч ирж байгаа юм.  

Энэхүү шийдлийг үндэслэн НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 63 болон 3-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхэд нөхөн үржихүйн тасагт агаар сэлгэлтийн системийг төлөвлөж, хэрэгжүүлсэн.  

Цаашид нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын дөрвөн бүсэд байрлах олон нийтийн барилгад дотор агаарын чанарын суурь судалгааг далайцтай хийж, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн хүмүүс, байгууллага, төрийн болон олон улсын байгууллагуудад хандан, хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.