Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт “fake news”-ийн эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсад өнөөдрөөс эхлэн онлайн орчинд худал хуурамч мэдээллийг хориглох хатуу хууль хэрэгжиж эхэллээ.

Шинэ хуулийг хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулах зорилгоор ашиглаж болзошгүйг хүний эрхийн байгууллагууд анхааруулж, эрх баригчдад хэт их эрх мэдэл олгож байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилж байв.

Хуулийн дагуу засгийн газрын аль ч сайд өөрийн үзэмжээр мэдээллийг худал, хуурамч ангилалд оруулж, хориглох онцгой эрхтэй болж байгаа.

Хуурамч мэдээлэл тараагч хувь хүнд 100,000 сингапур доллар хүртэл ($72,108) торгууль оноох, эсвэл 10 хүртэл жил шоронд хорих ял оноох юм. Мөн уг хоёр шийтгэлийг давхардуулан хэрэглэж ч болох гэнэ.

Харин хуурамч мэдээлэл түгээсэн байгууллага нэг сая сингапур доллар хүртэл торгууль хүлээх ажээ.

Мэдээллийн сайтууд болон Фэйсбүүк, Твиттер сошиал платформуудаар тарсан мэдээлэлд энэхүү хууль үйлчлэх юм.

Үүнээс гадна интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хуурамч мэдээлэл түгээгч сайтын хандалтыг хаах үүрэгтэй бөгөөд хаалгүй өнгөрүүлсэн хоног тутамд 20,000 хуртэл сингапур долларын торгууль төлөх ёстой. Энэ торгуулийн нийт хэмжээ 500,000 сингапур доллараас хэтрэхгүй байх ажээ.

Сингапурыг колоничлолоос чөлөөлөгдсөнөөс хойшх хагас зуун жилийн турш удирдаж байгаа эрх баригч нам (PAP-People’s Action Party) ийм хатуу хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.

Учир нь Сингапур бол дэлхийн санхүүгийн төв, олон үндэстэн, шашинтнаас бүрддэг, интернэтийн хэрэглээ өндөртэй улс тул худал хуурамч мэдээллийн нөлөөгөөр тогтворгүй байдал үүсэх магадлал өндөр гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Reuters