Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баясгалан: Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад АШУҮИС-ийн захирлын асуудлыг шийдвэрлэхгүй байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн багш, "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн "2018 оны оны долоодугаар сард АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Ж.Цолмон гэдэг хүнийг томилсон. Тухайн үед манай сургуулийн багш, ажилчид уг томилгоог эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байсан бөгөөд хүмүүсийг хоморголон халах гэж байгаа талаар мэдээллийг өгсөн. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эргээд харахад хүмүүс халагдаж, чөлөөлөгдөн, шилжүүлэх үйл явц бас өрнөсөн байна.

2018 арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатар гэдэг хүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэдгийг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож, албан тушаалд эргүүлэн томилох тухай Улсын дээд шүүхийн тогтоол ч гарсан. Тэгэхээр Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш Ж.Цолмон гэж хүний гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болж байгаа юм. Эрх, үүрэг нь дуусгавар болсон үүрэг гүйцэтгэгч зургаан сарын турш АШУҮИС-ийг удирдаад явж байна.

Зарим багш, ажилтныг үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг мөн шүүхээс гаргасан ч хаанаас гаргах нь тодорхойгүй байсаар байна. Оюутнуудынхаа төлбөрөөс авах юм уу, мэдэхгүй. Энэ нь сургууль хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна" гэсэн юм.

"Шүүхээс Ж.Цолмонд бидний нэр хүндийг гутаасан мэдээллийн хэрэгслээрээ няцаалт хийж, уучлалт гуйхыг үүрэг болгосон"

Багш, ажилчдыг хоморголон халсан асуудлаар "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хороо өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж, зарим ажилтныг хууль бусаар халсан гэдэг нь шүүхээр тогтоогдоод байгаа ажээ. Тодруулбал,  Хангамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Батхуяг, инженер н.Хүрэлбаатар, Хэвлэх үйлдвэрийн дарга байсан н.Баттунгалаг нарыг үндэслэлгүй халсан гэдгийг шүүх тогтоосныг хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хангамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Батхуяг "Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч буцаж ажилдаа ороогүй л байна. Мөн Ж.Цолмон гэдэг хүн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ н.Гантулга, н.Хүрэлбаатар болон намайг сургуульд их хэмжээний хохирол учруулсан, 19 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан хэмээн гүтгэж, доромжилсон. Тиймээс бид шүүхэд гомдол гаргасан. БГД-ийн Иргэний хэргийн шүүхээс 2019 оны есдүгээр сарын 19-нд тогтоол гаргаж, иргэн н.Гантулга, н.Хүрэлбаатар, Ц.Төмөрбаатар нарын нэр хүндийг гутаасан мэдээллийн хэрэгслээрээ няцаалт хийж, уучлалт гуйхыг Ж.Цолмонд үүрэг болгосон.

Тиймээс энэ хүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлэн биднийг гүтгэсэн мэдээлэлдээ няцаалт хийж, уучлалт гуйхыг шаардаж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн АШУҮИС-ийн багш Т.Баясгалан "Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад салбарын эрх барих байгууллага болох БСШУСЯ сургуулийн захирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй байсаар байгаа. Үүнээс үүдэн суургууль дээрх академик соёл алдагдаж, багш, ажилчид хоёр хэсэг болчихсон манай, танай гээд талцаад байж байна.

Мөн зарим багш гурван шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч ээ гэх хүсэлтийг Ерөнхий сайд, БСШУС-ын сайдад илгээсэн. Гэтэл маргаашнаас нь эхлээд тус хүсэлтэд гарын үсэг зурсан багш нарыг зарим албан тушаалтан дуудаж, ажлаас хална гэх дарамт үзүүлсэн байна. Энэ мэт зарчмын хувьд зөв асуудлаар байр сууриа илэрхийлсний төлөө дарамт, гадуурхалтад өртөж байна" хэмээн ярив.

Мэдээлэл хийсэн багш нарын зүгээс сургуулийнхаа академик соёлыг хадгалах, Ази, Номхон далайн бүсийн баруун эргийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаа ч одоогийн нөхцөл байдал хүндрэл учруулж байгааг хэлж байлаа.