Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

BEATLES-ээр хөглөгдсөн үеийнхэн буюу BEATLEMANIA-чууд

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 3
Сурталчилгаа

River Sounds Live Music Club нь 20 жилийн турш Монголын рок попын хамтлаг дуучдын амьд хөгжмийн тоглолтуудыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаа River Sounds Live Music Club-ийн 2О жилийн ойн хүрээнд BEATLES-д хайртай, шүтэн бишрэгч хэн бүхэнд зориулж “BEATLEMANIA” амьд хөгжмийн ковер тоглолт зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтыг нэрээр нэрлэсэн BEATLEMANIA- уудыг энэхүү нэрний утга учрын талаар тодруулахаар бяцхан ярилцлага авсанаа та бүхэнд хүргэж байна.

Сур: Beatlemania гэдэг үгийг та юу гэж ойлгож байв? Та хэдийн үед Beatles-ээр л амьсгалдаг байлаа шүү дээ?

БАТ-ҮҮЛ: “Beatlemania гэдэг үг нь Битлзээр хийрхэх, Битлзээр амьсгалах нийтийн ойлголтыг хэлээд байгаа юм.  60,70 –аад оны бид нар Beatlemania байсан. Битлзээр амьсгалж өссөн, Битлз-ээр хөөрч өссөн, ерөөсөө л бид нарыг Битлз хөглөөд өгсөн. Тийм учраас бид нар Битлзээр хөглөгдсөн үеийнхэн, Битлзгүйгээр бид нарын амьдралыг төсөөлөх ч боломж байхгүй. Бидний амьдралаас Битлз гэдэг зүйлийг хасаад хаячих юм бол бид нарын амьдралын тэр үе төсөөлөгдөхийн аргагүй юм. Битлзээс 20-р зууны төгсгөл 21-р зууны эхлэл тавигдсан.  Хүмүүсийн оюун сэтгэлгээнд нөлөөлсөн үйл явдлууд их байх, гэхдээ 20,21-р зууны олон үйл явдлууд дундаас манлайлсан нь Битлз гарч ирсэн явдал байх.

 

Бод л доо Битлз бүхэл бүтэн хүйтэн дайныг зогсоогоод бүхэл бүтэн дарангуйллын тогтолцоог нураагад хаясан шүү дээ. Өөрөөр хэлбэл Битлзээр хөглөгдсөн үеийнхэн гарч ирээд олон улсын дарангуйллын том тогтолцоог нураагаад хаяцан шүү дээ. Нийгмийн аясыг өөрчилтөл нь дэлхийг хөглөсөн юм шүү дээ. Хүн төрөлхтөний түүхэнд үзэгдээгүй үзэгдэл бол Beatles буюу Beatlemania байлаа.

Бүгдээрээ Битлздээ хайртай байсаар байгаад хадан гэртээ харьцгаана даа гэж.... /санаа алдав/.  Битлзийн шүтэн бишрэгч бид нар урлагын нэг цустай, цусан төрлийн улсууд юм даа Тиймээс Beatlemania –чууддаа хамгийн сайн сайхныг хүсье.

1 удаа хүн болж төрөхдөө бид нар Битлзээр холбогдсон нь их азтай хэрэг шүү.


Ноён аялагч, дуучин, Монголын амьд Wikipedia Г.Ганхүү: Liverpool-ээс гаралтай Beatles хамтлагийн 4 залуу зөвхөн хөгжимчин гэхээсээ илүү дэлхий ертөнцийг өөрчилж чадсан influence буюу нөлөөлж чадсан 4 залуу л даа. Тэр 4-ийг зүгээр нэг хамтлаг дуучин гэхээс илүү тэр үеийн залуучуудыг өөрчилж чадсан 4 залуу юм. Тэрийг Beatlemania гэж хэлээд байгаам л даа.

Mania гэдэг үг чинь дагах, шүтэх, бишрэх, автах гэсэн янз янзын утгатай л даа. Би 2012 онд Beatles  хамтлагийн 50 жилийн ойг тохиолдуулан Английн Bootleg Beatles хамтлагийн 4 залууг монголд урьж авчирч Сүхбаатарын талбай дээр томоохон шоу хийж байлаа. 2022 онд Beatles-ийн 60 жилийн ой тохиож байгаа. Дэлхий нийтээр энэ 60 жилийн ойг өргөн далайцтай тэмдэглэх гэж байна. Beatles хамтлагийн 2 гишүүн одоо ч амьд байгаа.

 

Ийм ч үүднээс би ах нартайгаа нийлээд Битлзийн хөшөөг 40 мянгатад  байгуулж байсан.  Битлз бол Монголчууд бидний хувьд бас л 4 залуу гэхээсээ илүү барууны ертөнцийг харах цонх, нүд болж байлаа. 60, 70-аад оны залуучууд бид 2 өөр системд амьдарч байсан үүднээс тархи угаалт их явдаг байсан. Яагаад бидний буруутгаад байдаг барууны ертөнцийн дуу хуур нь ийм гоё байдаг юм бэ?

Тэрэн дээр бид их эргэлзэж, миний хувьд Битлз хамтлагийг сонссоноороо англи хэлэнд анх суралцаж, Битлзийн дуулж байгаа дуунуудын үгийг орчуулж эхэлж байсан ийм түүхтэй л дээ. Rec On  хамтлаг маань 10 сарын 5 нд River Sounds Live Music Club-д Битлзийн ковер концертыг тоглох гэж байгаад би хувьдаа баяртай байгаа. Rec On хамтлаг бол миний хувьд хамгийн чадварлаг ковер дуунуудыг дуулж чаддаг, хөгжимчид сайн, гоцлол дуучин Бэлгүүн (Bo) бол чадварлаг өвөрмөц хоолойтой. Дүү нартаа амжилт хүсье.

Тиймээс нэгэн сайхан дурсамжтай үеэ энэ үдэш ирж өнгөрөөе өө! гэж уриалмаар байна.


Ая зохиогч Долгион: Битлз бол мөнх гэж би хэлмээр байна. Монголчууд бидний хувьд урлагыг ойлгохдоо төрмөл урлаг, олдмол урлаг гэж хувааж ойлгож болно. Төрмөл гэдэг нь бидний өвөг дээдэсээс уламжилж ирсэн язгуур урлаг, ардын урлаг.

Нөгөө хэсэг нь бол олдмол урлаг өөрөөр хэлбэл гадаад ертөнцөөс монголчууд бидэнд нөлөөлсөн сонгодог урлаг буюу дундад зууны үеэс эхэлсэн  сонгодог хөгжмийн нөлөө Моцарт, Haiden, Бетховен. Харин цаашлаад  Beatles, Rolling Stones гэх мэт. Олдмол урлагын хамгийн том төлөөлөл бол Битлз юм.  Тийм учраас бид Битлз-д зориулаад хөшөө босголоо.

 

Beatlemania бол Монголыг тойроогүй.  Дэлхийг эзэмдэж байсан тэр давалгаа нь бас биднийг дайраад гарсан. Тэр давалгаанд автагдсан хүмүүсийн нэг элсний ширхэг нь болсон би энд сууж байх жишээ нь. Өнөөдөр Битлзийн соёл, Битлзийн түүх, Битлзийн уламжлал энэ бүхнийг дэлгэрүүлж , түгээж хийх нь их чухал юм л даа.

Яагаад гэвэл Битлз нь Монголын орчин цагийн урлаг, рок попынхоны хөгжилд маш их нөлөөлсөн. Монголын шинэ рок попын урсгал хэв маяг бий болоход асар их хүчтэй нөлөөсөн гэж боддог учраас бид Битлзийг сонирхож, судалдаг, сэрдэг байх ёстой гэж би бодож байна.


Сур: Танай Ривэр Саундс амьд хөгжмийн клубын 20 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Та уншигчдад байгуулж байсан дурсамжаасаа хувуулцаач?

River Sounds Live Music Club –н үүсгэн байгуулагч, Н.Баярсайхан: 

Анх уг клубыг байгуулах гол зорилго нь урлагтай холбоотой л доо.

Би өөрөө урлагын гэрт төрж өссөн. Тэр үед баар гэж ярьдаг байлаа ш дээ. Хүмүүс дараа нь Club гэж ярьдаг болсон нь бид нарын баарны тухай ойлголтыг өөрчлөх болсныг илтгэсэн тэмдэг. Ер нь аливаа хот суурин газар, төвлөрсөн том хот бол өөрийн гэсэн том олон төрлийн Club-уудтай  байж, тэр хотын хүмүүс хоорондоо уулзаж, чөлөөт цагаа өнгөрөөж, танилцаж нөхөрлөх ийм клубууд байдаг.

 

Тухайн үед “ Jazz club” маягийн газар нээе гэж бодож байлаа. Гэтэл миний америк найз Лэйтон надад “Одоохондоо Монголд жааз хөгжим жаахан хол байна аа. Магадгүй жаахан уйтгартай болгочиж магадгүй байх. Тийм учраас амьд хөгжмийн клуб буюу “Live Music Club”  гэж концепцоо хийвэл зүгээр гэж зөвлөсөн. Ингээд нэрээ өгөх гэж мэлээн бодоцгоож, Болор хамтлагийн дуучин Оргил надад нэг нэр санал болгосон юм. River Sounds /Голын чимээ/ гэдэг үг их таарч байна аа. Амьд хөгжмийн тоглолт бол тоглож байгаа тэр үеийнхээ сэтгэл хөдлөл, орчин нөхцөл байдлаас хамаараад өөр өөр өнгө аяс мэдрэгддэг.   Амьд хөгжмийн тоглолт амьдаар тоглогдох дуулалтын онцлог нь энэ юм аа. Энэ утгаар River sounds буюу Голын чимээ гэдэг нэрийг  Голын урсгалын чимээг сонсоход хэзээ ч давтагддаггүйтэй адилхан тэр хүний дуундаа гаргаж байгаа тэр сэтгэгдэл нь дахин давтагддаггүй юм гэдэг утгаар энэ нэрийг өгсөн юм.

Хотын соёл төгөлдөржсөн газруудад хүмүүс байнга ордог газруудтай,  тэндээ байнга тааралддаг хүмүүстэйгээ уулзахад таатай байдаг нь хот газрын соёл юм.   Ийм газруудын нэг  жишээ болсон газар бол River Sounds Live Music Club  юм. Энэ ч утгаараа тогтвортой ажилласаар ирсэн.

 Ер нь энэ 20 жилийг товч дүгнээд хэлэхэд  олон үйлчлүүлэгчид ирж, их олуулаа бие биентэйгээ танилцаж, их олон боломжууд бий болсон байх гэж би боддог. River Sounds Live Music Club бол Улаанбаатар хотын соёлын хөгжлийн сүүлийн 20 жилийн түүхийн нэгэн гэрч болсон газруудын нэг юм.

BEATLEMANIA ковер тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж аваарай. http://bit.ly/2ojiTnA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.