Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Технологийн дэвшил ашиглан монгол хүн бүрийг хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болгох нь бидний зорилго

Б.Ану
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны салбар дангаар эзэлдэг. Харин хөрөнгийн болон даатгалын салбарын хөгжил ийнхүү багахан хувийг эзэлж байгаа нь манай улсын эдийн засаг тогтворгүй байгаагийн нэг шалтгаан. Орхигдоод буй тэр салбаруудыг хөгжүүлэхийн тулд энэ талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, бодит мэдээллээр хангах нь хамгийн чухал хэмээн эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ үзэж байна. Тэрбээр олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар боловсрол олгох шинэ ажлыг санаачлан эхлүүлжээ. 

Монголын хөрөнгийн зах зээлийн талаар эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.



- Та ер нь хэзээнээс хувьцаа, хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн бэ?

- Би 2007 онд СЭЗИС-д элсэн орж байлаа. Тэр жилийнхээ зун нь хувьцааны тухай бичсэн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” нэртэй номыг уншчихсан байв. Мөн ээж маань надад “Хувьцаа ирээдүйтэй. Монголоор дүүрэн эдийн засагчид байна. Ялгарах хэрэгтэй” гэж зөвлөдөг байлаа. Ингээд л хөрөнгийн зах зээлд хөл тавьсан юм. Тэр намраа их сургуульдаа элсэн орсны дараа “Сэтгэшгүй” хэмээх сайн дурын клуб байгуулж, хөрөнгийн зах зээлийг судалж эхэлсэн дээ. Удалгүй ээж маань 50,000 төгрөг өгөөд хувьцаа ав гэлээ. Судалж байгаа тэр мөнгөөрөө хэдэн хувьцаа авсан юм.

- Тэр үеийн Монголын хөрөнгийн зах зээлийг өнөөтэй харьцуулбал ямар дүр төрхтэй байв?

- Түнэр харанхуй шүү дээ. Одоо хүмүүс хөрөнгийн зах зээлийг ил тод биш, компаниуд нь шударга бус гэж их шүүмжилдэг. Зарим талаар үнэн л дээ. Гэхдээ тэр үед үнэхээр түнэр харанхуй байсан. Компаниудын санхүүгийн тайлан олдохгүй, төрийн нууц шиг л байдаг байлаа шүү дээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа алдаг оног хийнэ. Тэрийг үеийг бодвол харин одоо их сайхан болж. Гэхдээ сайжруулах юм их бий.

Ер нь би мэдээллийн ил тод байдлыг хамгийн чухал гэж боддог. Бодит мэдээлэл, чанартай судалгаатай хүн л зөв сонголт хийнэ шүү дээ. Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл. Хүмүүс хэдий чинээ мэдээлэлгүй, мэдлэггүй байна төдий чинээ шийдвэр гаргахаас айдаг, гаргасан ч буруу шийддэг. Үр дагаварт нь маш их хохирдог.  Тиймээс би энэ чиглэлээр тэр үеэс л янз бүрийн зүйл хийж, сэдэж ирсэн. Клуб маань нэг удаа бүр 40 оюутантай болж, сургууль дээрээ демо бирж ажиллуулан оюутнууддаа хөрөнгийн зах зээлийг таниулж, ойлгуулдаг болсон. Олон ч удаа демо бирж ажиллуулж,  олон газраас тэтгэлэг босгосон доо. Эргээд бодоход сайхан цаг үе, дурсамж үлдэж.

2010 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажил бичиж эхэлсэн. Хөрөнгийн зах зээл ба макро эдийн засгийн хамаарал, оновчтой багц сонголт, зан төлөвийн санхүү, компанийн засаглалын чиглэлээр судалгааны ажил хийж, тэмцээн уралдаанд харин ч нэг сойсон доо. Олон ч тэмцээнд шагнал хүртсэн. Ингээд их сургуулиа төгссөний дараа жил нь нийгэмлэгээ байгуулсан. 

- Нийгэмлэгийнхээ тухай ярихгүй юу. Клуб бол хобби байсан байх нь. Харин нийгэмлэгийг байгуулсны гол шалтгаан нь юу вэ?  

- Клуб удирдан ажиллуулж, их сургуульд сурч, эрдэм шинжилгээний ажлууд бичиж байхдаа би хөрөнгийн зах зээлийн түүхийг их уншдаг байв. Харин ажил дээр гараад үнэт цаас, даатгал, банканд ажиллахдаа бодит амьдрал, зах зээл ямар байгааг маш сайн мэдэрч байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг уншаад мэдээлэлгүй, мэдлэггүй хүмүүсийг эрх мэдэлтэй цөөнх нь яаж ашиглаж, ирээдүйг нь хэрхэн хулгайлж байсныг ойлгосон. Харин ажил дээр гарсны дараа ч цөөнх нь олонхоо мэдээлэлгүй, мэдлэггүйг нь далимдуулж үр хүүхдүүдийн маань ирээдүйг булаан авч байгааг харж байна. Тэглээ гээд би талбай дээр гараад жагсахгүй. Харин үүний оронд хүмүүсийн тархинд хөрөнгийн зах зээлийн үрийг тарихаар шийдсэн нь энэ л дээ.

Улс орныг мэдээлэлтэй, боловсролтой хүмүүс л авч явна. Уул нь тэр хүмүүсийг нь боловсролын систем бэлдэх ёстой. Гэвч Монголд хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх боловсролыг олон нийтэд олгодог систем нь алга. Түүнээсээ болоод толгойгоо угаалгаж дууслаа шүү дээ. Иймээс бид нийтээрээ хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, мэдлэгтэй болчихвол байгалийн баялгаа хэзээ, яаж ашиглавал өөрт хамгийн ашигтай, улс оронд хамгийн үр өгөөжтэй байхыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг болох юм. Бие даасан хараат бус иргэдтэй болно гэсэн үг шүү дээ. Эс бөгөөс бид 100 Оюутолгойг ухсан ч бахь байдагтаа л сууж байх болно. Иймээс нийгэмлэгийн маань зорилго бол Монгол хүн бүрт энэ талын мэдлэг олгох юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд технологийн давуу талыг ашиглана.

- Технологийн давуу тал гэхээр?

- Мэдээж би монгол хүн бүрийг энэ танхимдаа цуглуулаад хичээл зааж чадахгүй. Тиймээс онлайн сургалтын платформ байгуулсан. www.cmrd.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хөрөнгийн зах зээл, санхүүгийн хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл, чанартай боловсролыг мэргэжлийн шинжээчдийн хамтаар, эмх цэгцтэй, системтэй хүргэх болно. Харин иргэн та ухаалаг утсаа зургийн аппарат болгож ашиглахаас гадна оюундаа хөрөнгө оруулах төхөөрөмж болгон ашиглахыг хүсэх байх.

- Онлайн сургалтын платформ гэхээр хүн бүр үзэх боломжтой, хүртээмжтэй болох нь, тийм үү?

- Яг тийм. Утас, интернэт байхад л болно гэсэн үг. Бид одоо хамгийн анхны хичээлээ “Заавал үзэх зургаан цуврал” нэртэйгээр цацаж эхлээд байгаа. Тус бүр нь таван хичээлтэй зургаан дугаар байгаа. Нийт 30 хичээл гэсэн үг. Хамгийн эхэнд Монголд хөрөнгийн зах зээл яагаад зайлшгүй хэрэгтэйг тайлбарлана. Дараа нь дэлхийд хөрөнгийн зах зээл хэрхэн үүсэж хөгжсөн түүхийг хуваалцах болно. Дараагийн гурван цуврал нь Монголын хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь тайлбарлаж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хүмүүст суурь мэдлэг олгох юм. Харин сүүлчийнх нь алдартай хөрөнгө оруулагчдын хэрхэн амжилтанд хүрсэн талаарх сонирхолтой түүх байгаа. Бид цаашид энэ мэтчилэн суурь мэдлэг олгох үнэгүй онлайн хичээлүүдийг багцлан хүргэсээр байх болно.

- Дараагийн сургалтын сэдэв юу байх бол?

- Ямар үед бид байгалийн баялгаа хамгийн үнэ цэнэтэй ашиглаж чадах, ямар аргаар хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл багатай, ашиг ихтэй байх, хөрөнгө оруулалт хийхдээ юу юунд анхаарах, суурь болон техник шинжилгээ хэрхэн хийх гээд олон чухал сэдэв хүлээгдэж байгаа юм. Тэр болгоныг шат дараалалтай хийхээр төлөвлөж байна.