Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Ши Жиньпинд баяр хүргэж, Бүгд Найрамдахчууд Хонг Конгт галт зэвсэг хэрэглэснийг шүүмжиллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой өчигдөр болж, Бээжин хотод нүсэр цэргийн парад зохион байгуулагдсан билээ.

Үүнтэй зэрэгцэн Хонг Конгийн төв гудамжууд тэмцэгчид, цагдаа нарын тулааны талбар болсон байна.

Түүхт ойн баярыг тохиолдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа мэндчилгээ илгээжээ. “Бүгд Найрамдах Хятад Ард Улс үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Ши дарга болон Хятадын ард түмэнд баярын мэнд хүргэе!” гэж тэр бичсэн байна.

Гэтэл АНУ-ын конгресс дахь Бүгд Найрамдах намын улс төрчид Хонг Конгийн жагсаалыг дарахын тулд цагдаа нар галт зэвсэг хэрэглэж, 18 настай залууг хүнд шархдуулсан явдлыг шүүмжилсэн байр сууриа илэрхийлцгээжээ.

Конгресс дахь гадаад харилцааны байнгын хорооны гишүүд болох Бүгд Найрамдах намын 21 төлөөлөгч гаргасан мэдэгдэлдээ “Өнөөдөр Ши Жиньпин зэр зэвсгээ Тяньаньмэний талбайд (хядлагаас 30 жилийн дараа) үзүүлж байх хооронд Хонг Конгод 12 дугаар ангийн сурагч ойрын зайнаас цээжиндээ буудуулж шархдлаа. Хятадын Коммунист Нам бүхнийг хянаж цагддаг болоход хэр хол байгааг энэ хоёр үйл явдал харуулж байна” гэж өгүүлсэн байна.

Сүүлийн дөрвөн сарын турш тасралтгүй үргэлжилж байгаа Хонг Конгчуудын тэмцэл сүүлийн үед улам бүр хүчирхийллийн шинж чанартай болж байгаа.

Хонг Конг хот нь Хятадын засаг захиргааны тусгай бүс бөгөөд 1997 онд Британийн захиргаанаас Бээжинд шилжихдээ 50 жилийн турш өөртөө засах онцгой эрхтэй болсон юм.

АНУ-ын хууль тогтоогчид Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах “Hong Kong Human Rights and Democracy Act of 2019” хуулийг санаачилсан нь хоёр намын хүчтэй дэмжлэгийг авч, өнгөрсөн долоо хоногт Сенатын гадаад харилцааны байнгын хороогоор батлагдсан байна.

Энэ хуулийн дагуу Хонг Конгийн өөртөө засах эрхэнд халдсан хувь хүмүүст АНУ-ын төрийн департмент хориг тавих эрхтэй болж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post