Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлмээр зэвсэглэсэн этгээд Финландын коллежид халдлага үйлдэж, хүний амь хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн үд дунд Финланд улсын зүүн бүсийн Куопио хотын мэргэжлийн коллежийн байранд сэлмээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ.

Халдлагын улмаас нэг хүн алагдаж, 10 хүн шархдсаны дотор цагдаагийн албан хаагч багтсан байна. Урт сэлэмнээс гадна галт зэвсэг биедээ авч явсан этгээд 1994 онд төрсөн Финландын иргэн болохыг цагдаа нар тогтоожээ. Тэрээр халдлага үйлдсэн коллежид шинээр элссэн оюутан байсан гэнэ.

Амиа алдсан нэг хохирогч нь тус сургуулийн оюутан эмэгтэй байжээ.

Цагдаа нар халдлага үйлдэгчийг буудаж хүнд шархдуулсны дараа эмнэлэгт хүргэсэн байна. Хохирогчдоос хоёр хүний биеийн байдал хүнд байдалтай эмнэлэгт эмчлүүлж байгааг Куопио хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Гэмт этгээдийн гэрт сүүлд нэгжлэг хийхэд Молотов коктейл хэлбэрийн шатах, тэсрэх гар хийцийн зэвсэг илэрсэн байна.

Халдлагыг ямар зорилготой үйлдсэнийг тогтоохоор мөрдөгчид гэмт этгээдийн компьютер, гар утсыг хураан шалгаж эхэлжээ. 

5.4 сая хүн амтай Финланд улсад хүчирхийллийн гэмт хэрэг ховор гардаг. 2000-аад оны сүүлээр тус улсад галт зэвсэг хэрэглэсэн хоёр халдлага жил дараалан гарч нийгмийг цочроож байв.

2007 онд Финландын өмнөд хэсгийн жижиг хотод 18 настай залуу долоон оюутан, нэг багшаа буудаж хөнөөсөн юм. Дараа жил нь Финландын баруун хэсэгт 22 настай залуу 10 хүний амийг галт зэвсгээр хөнөөжээ.

Эдгээр хэргүүдийн дараа Финландын эрх баригчид галт зэвсгийн хяналтаа чангатгасан байдаг.

2017 онд нэг этгээд Турку хотын төв талбайд хоёр хүнийг хутгалан хөнөөж, найман хүнийг шархдуулж байв. Гэмт этгээд нь Финландад цагаачлах хүсэлт гаргасан Ойрх Дорнодын орны иргэн байсан юм. Терроризмийн зорилгоор аллага үйлдсэн, аллага үйлдэхийг завдсан хэргээр түүнд бүх насаар хорих ял оноож байжээ.

 

Эх сурвалж: AFP