Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудын архины хэрэглээ 2003 оноос хойш 40 хувиар буурсныг ДЭМБ мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Орос хүмүүсийг архи их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан тайланд Оросын иргэдийн архины хэрэглээ 2003 оноос хойш 43 хувиар буурсныг онцолжээ.

ОХУ-ын засгийн газраас aрхины худалдааг хязгаарлаж, эрүүл аж төрөх хэв маягийг дэмжих бодлого явуулсан нь үүнд нөлөөлсөн гэж ДЭМБ дүгнэсэн байна.

“ОХУ нь удаан хугацааны турш дэлхийн хамгийн өндөр архины хэрэглээтэй орнуудын нэгт тооцогддог байв. Гэтэл энэ ойлголт сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөж байна” гэж тус тайланд өгүүлжээ.

2003-аас 2016 оны хооронд нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэрэглээ 43 хувиар буурсны гол хүчин зүйл нь гэрийн аргаар үйлдвэрлэсэн архи хэрэглэх явдал огцом буурсантай холбоотой гэнэ.

Үүний үр дүнд ОХУ-ын хүн амын дундаж наслалт 2018 онд эмэгтэйчүүдийн хувьд 78, эрчүүдийн хувьд 68 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсныг ДЭМБ онцолжээ.

Харьцуулбал 1990-ээд оны эхэн үед Орос эрчүүдийн дундаж наслалт 57 байв.

Зөвлөлтийн удирдагч Михайл Горбачевын үед буюу 1980-аад оны дундаас 1990 он хүртэл архины эсрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хэрэглээ нь буурч байжээ. Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа архидан согтуурах явдал иргэдийн дунд эрчимтэй нэмэгдэж, 2000-аад оны эхэн үе хүртэл үргэлжилсэн юм.

Ерөнхийлөгч Владимир Путины засаглалын жилүүдэд архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах олон арга хэмжээг нэвтрүүлжээ. Тухайлбал дэлгүүрт архи худалдах цагийг оройн 11 цагаар хязгаарлах, доод үнийг нь өсгөх, сурталчилгааг хориглох зэрэг үүнд багтаж байв.

ДЭМБ-ын сүүлийн үеийн судалгаагаар Оросын насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундааны дундаж хэрэглээ Франц, Герман зэрэг орнуудын иргэдийнхээс бага байгаа нь харагджээ.

 

Эх сурвалж: AFP