Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн хатан хааны эдлэн Виндсор паркт монголчууд марафоноор өрсөлджээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Британийн хатан хааны эдлэн Виндсор паркт жил бүр зохиогддог хагас марафон (Windsor Half Marathon 2019) энэ сарын 29-ний Ням гарагт 37 дахь жилдээ зохион байгуулагдсан байна.

Хатан хааны Виндсор шилтгээний эргэн тойронд, төрөл бүрийн ан амьтад, жигүүртэн шувууд нутагладаг, мод цэцэгс алагласан, гол горхи, нуур цөөрөм арвинтай байгалийн үзэсгэлэн төгс орчинд зохион байгуулагддаг энэхүү марафонд оролцогч гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байдаг. Энэ жилийн хувьд 6,000 гаруй гүйгч оролцжээ.

Үүний дотор хагас марафонд Британи дахь Гүйгчдийн клубийн монголчууд оролцсон байна. Тухайлбал, Лондон, Вест Сасэкс, Кэмбридж, Сарри мужийн гүйгчдээс гадна Манчестер хотоос Shinny gym-ийн цамцаар өнгө ижилссэн 7 гүйгч дасгалжуулагч, бариа засалч, арын албаны ажлыг гүйцэтгэгч нартайгаа оролцжээ. Тэд 2 цаг 35 минутийн дотор бариандаа орсноор дурсгалын медалийн эзэд болжээ.

Гүйлтийн дараа клубийнхэн Лондон орчмын гүйгч нартайгаа нүүр номоор бус нүүр тулан уулзаж, клубийнхээ нэг жилийг ойг тэмдэглэн 2020 оны хоёрдугаар сард зохиогдох Лондонын өвлийн 10км-ийн гүйлтийн тэмцээн дээр эргэн уулзахаар товлов.

Британи дахь Монголчууд ийнхүү гүйлтээр өргөн дэлгэр хичээллэж, эрүүл саруул аж төрөх дадал хэвшилд нэг нэгнээ урамшуулан дэмжлээ.

Гүйлтийг Лондон дахь Жи-СтудиМН | G-StudioMN сурвалжилсан байна.