Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украины шинэ засгийн газар улс орноо хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Украины ерөнхий сайд Олексий Гончарук

Украины шинэ ерөнхий сайд Олексий Гончарук өчигдөр улс орноо хөгжүүлэх таван жилийн зоригтой төлөвлөгөөг танилцуулжээ.

Өөрийн танхимыг “технократ засгийн газар” гэж нэрлэсэн Гончарук ирэх таван жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн салбарт тасралтгүй хөрөнгө оруулж, төрийн чанартай үйлчилгээг ард түмэндээ ойртуулахаа амласан байна.

Ирэх таван жилийн хугацаанд Украины эдийн засгийг 40 хувиар өсгөх зорилт тавьжээ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд ирэх онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар, 2021-2024 онуудад жил бүр хамгийн багадаа 7 хувиар өснө гэж төлөвлөсөн байна.

Энэ өсөлтийг хангахын тулд Украинд $50 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатайг Гончарук онцолжээ.

2018 онд Украины эдийн засгийн хэмжээ $131 тэрбумд хүрсний голлох хэсгийг гангийн болон хөдөө аж ахуйн экспорт, мэдээллийн технологийн салбарын бүтээмж эзэлж байв.

Гончарукын тавьсан бас нэг гол зорилт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Украинд $174 орчимд хүргэх ажээ.

“Үүнээс гадна технократ засгийн газар айл өрхүүдийн гэрэл, цахилгаан, дулааны зардлыг нийт орлогынх нь 15 хувиас хэтрүүлэхгүй” гэж Гончарук амласан байна.

Цагдаагийн болон түргэний машинууд дуудлага аваад хот дотор 10 минутын дотор, хотоос гадна 20 минутын дотор амжиж очдог болох зорилт шинэ засгийн газрын таван жилийн төлөвлөгөөнд багтжээ.

Үүнээс гадна засгийн газрын бүх үйлчилгээ ирэх таван жилийн дотор онлайн горимд шилжиж, 24,000 км зам шинээр тавигдах гэнэ.

Таван жилийн дотор Украины хүн амын өсөлт нэмэгдэх бөгөөд үүнд төрөлтийн тоо нас барагсдын тооноос давж, гадаадад цагаачилсан иргэд буцаж ирэх нөхцлийг тооцжээ.

Мөн байгаль орчны бохирдлыг 20 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Дэлхийн банк болон Олон Улсын Валютын сан Украины эдийн засгийн өсөлтийг энэ онд 3 хувиас хэтрэхгүй гэж тооцоолоод байгаа. Украин нь Европ тивийн хамгийн ядуу орнуудын жагсаалтад Молдовын дараа хоёрдугаарт бичигддэг. Үүнтэй харьцуулбал Гончарукын технократ засгийн газар маш өндөр зорилт тавиад байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty