Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын хойгийн асуудлаар Дональд Трамптай санал нийлдэггүй байснаа Жон Болтон анх удаа ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас бууснаасаа хойш анх удаа олны өмнө үг хэлэхдээ Жон Болтон ерөнхийлөгч Дональд Трамптай ямар асуудлаар зөрчилддөг байснаа ярьжээ.

Тэрээр Даваа гарагт Вашингтон хотноо “Center for Strategic and International Studies” байгууллагаас зохион байгуулсан хурал дээр үг хэлсэн юм.

“Ким Жон Ун цөмийн технологийн чадавхиа хадгалж үлдэхийн тулд чадах бүхнээ хийх нь тодорхой. Одоогийн нөхцөл байдалд тэр хэзээ ч цөмийн зэвсгээ сайн дураар хураалгахгүй” хэмээн Болтон ярьжээ.

Харин түүний босс Дональд Трамп Умард Солонгосын удирдагчийг сайн найз нөхрөө хэмээн нэрлэж, цөмийн зэвсгээс татгалзуулж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

Сүүлийн үед Пёньяны дэглэм алсын тусгалын пуужин туршихаа зогсоож, харин ойрын тусгалын зэвсгийг дараалан туршаад байгаа. Трамп үүнийг Ким Жон Ун амлалтдаа хүрч байна гэж тайлбарладаг.

Харин Жон Болтон үүнийг Умард Солонгос нэгэнт алсын тусгалын пуужингийн технологийг эзэмшсэн тул туршихгүй байгаа гэж тайлбарлажээ.

Үүнээс гадна Афганистаны Талибан хөдөлгөөний удирдагчдыг Кэмп Дэвидэд хүлээж авч уулзах Трампын төлөвлөгөөг Болтон эрс эсэргүүцэж байсан гэдэг. Хэрвээ ингэвэл 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амиа алдсан хүмүүсийг хүндэтгээгүй хэрэг болно гэж тэр ярьж байсныг Цагаан ордны эх сурвалж баталдаг юм.

 

Эх сурвалж: CNN