Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Путины ярианы тэмдэглэлийг ил болгохын тулд Оросоос зөвшөөрөл авах ёстой гэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгчтэй утсаар ярьсан ярианы тэмдэглэл ил болсон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийг ганхуулаад байгаа билээ.

Тэгвэл Дональд Трампыг хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа конгрессын түр хорооны дарга Адам Шифф түүний ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ярьсан ярианы тэмдэглэлийг Цагаан ордноос шаардах бодолтой байгаагаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлд ярьсан юм.

“АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ерөнхийлөгчийн бусад орнуудын удирдагчидтай ярьсан ярианы тэмдэглэлийг шалгах чухал хэрэгтэй байна. Ялангуяа Путинтай ярихдаа тэр сонгуульд давуу тал олохын тулд үндэсний эрх ашигт аюултай алхам хийсэн байх магадлалтай” гэж Шифф ярьсан байна.

Харин өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Нэг тал нь дангаараа шийдэж, хоёр удирдагчийн ярианы тэмдэглэлийг нийтэд ил болгох нь дипломат ёсонд нийцэхгүй. Шийдвэрийг талууд хамтдаа гаргах ёстой” гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш Дональд Трамп нийт 11 удаа ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсан байдаг. Мөн хэд хэдэн удаа нүүр тулан уулзахдаа зөвхөн орчуулагчтайгаар хаалттай хүрээнд ярилцаж байсан.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа ОХУ-ын талаас дэмжлэг авсан гэх сэжиг, Владимир Путинтай онцгой хүндэтгэлтэй харьцдаг зэрэг нь Трампыг мөрдөн шалгах ажиллагааг улам ноцтой болгох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian