Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна

ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдсан байна.

"Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145.2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлтэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын 957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээг хийсэн.

Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувь, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байна. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1,311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна" хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.

Нийт 163,369 "Сайн" картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн

Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галынбек "Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55,286 тонн түлш борлуулсан байна. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байна.

Сайн карт түгээх ажлын хувьд Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй, Чингэлтэй дүүрэгт 94 хувь, Сонгинохайрхан дүүрэг 54 хувь, Баянзүрх дүүрэг 44 хувь,  Баянгол дүүрэг 89 хувь, Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа. Нийт 163,369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан" гэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх шатны Засаг дарга нарт болон нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгов.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд угсармал орон сууцны дулаалах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.

Мөн аравдугаар сарын 1-нээс дүүрэг, хороодын Засаг дарга нарыг хороо дүүрэгтээ ажиллаж иргэд олон нийтийн санал гомдлыг арилгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс