Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаан бал"-ын хөтлөгч Ч.Лодойсамбууд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Зургийг Ч.Лодойсамбуу фэйсбүүк хуудсаас авав

"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэвтрүүлгийнхээ үеэр төрийн далбаа урсан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. 

Тэрбээр уг үйлдлийнхээ талаар "Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг. Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна" хэмээн нүүр номдоо бичсэн. 

Харин цагдаагийн байгууллагаас Ч.Лодойсамбууд хуулийн дагуу торгууль ногдуулахын зэрэгцээ олон нийтээс уучлал гуйхыг шаардсан байна. 

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд "Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно", тус хуулийн 27 дугаар зүйлд "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" хэмээн заасан байдаг. 

Харин Зөрчлийн тухай хуулийн 15.20.2-т "Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Энэ дагуу сэтгүүлч Ч.Лодойсамбууд тавин нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна

Мөн цагдаагийн албаны зүгээс түүнийг төрийн далбааг урж гэмтээн, гутаасан үйлдэлдээ иргэд, олон нийтээс уучлал гуйхыг шаардсан байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23-т цагдаагийн албаны шаардлагыг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой гэж заасан байдаг ажээ.