Африк тивийн Нигери улсын хамгийн том хот Лагост хулгайлагдан хоригдож байсан 19 эмэгтэйг цагдаа нар илрүүлж чөлөөлжээ.
Барьцаалагчид нь тэднийг хүчээр жирэмслүүлж, төрүүлсэн хүүхдийг нь зарж борлуулдаг байсан гэнэ.
Барьцааны эмэгтэйчүүд нь 15-аас 28 насныхан байсан бөгөөд тэднийг өндөр цалинтай ажилд оруулна гэж залилан хөдөө орон нутгаас авчирсан байна.
Эмэгтэйчүүдтэй хамт дөрвөн нялх хүүхэд хоригдож байсныг мөн илрүүлжээ.
Төрсөн хүүхдүүдийн эрэгтэйг нь 500,000 найра ($1,630), эмэгтэйг нь 300,000 найра ($980) үнээр зардаг байсныг Лагосын цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Хүүхдийн үйлдвэр”-т баривчлах ажиллагааг есдүгээр сарын 19-нд явуулсан ч сэжигтнүүдийг баривчлах зорилгоор олон нийтэд мэдээлэлгүй нууцалж байжээ.
Хүүхэд төрүүлж, зарах ажиллагааг зохион байгуулж байсан гэх 40 болон 54 настай хоёр эмэгтэйг баривчилж, гурав дахь сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Нигери улсад хүмүүсийг барьцаалж, янз бүрийн зорилгоор боолчлох гэмт хэрэг түгээмэл байдаг. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хойд бүсийн Кадуна хотын Исламын шашны сургуулийн барилгад 400 орчим эрчүүд, хөвгүүдийг удаан хугацаанд гинжлэн хорьж, тарчилган зовоож байсныг цагдаа нар илрүүлж, сулласан юм. Тэдний хамгийн залуу нь таван настай хүү байв.
Эх сурвалж: Reuters