Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстой гэж үздэг Америкчуудын тоо нэмэгдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хууль зөрчсөн эсэхийг шалгаж, итгэл үзүүлэх үгүйг шийдэх ёстой гэж үздэг Америкчуудын тоо долоо хоногийн дотор 8 нэгж хувиар нэмэгджээ.

Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Ардчилсан Намын өрсөлдөгчтэй нь холбоотой гэгддэг хэргийг шалгаж өгөхийг хүссэн, энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд АНУ-аас Украинд олгох тусламжийг барьцаалсан гэх хэргийг конгресс өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхлээд байгаа билээ.

Есдүгээр сарын 26-наас 30-ны хооронд Ройтерс агентлагийн явуулсан судалгаанд хамрагдсан насанд хүрэгчдийн 45 хувь нь Трампыг шалгах ёстой гэж үзжээ. Өмнөх долоо хоногт нь авсан судалгаагаар энэ хувь 37 байсан юм.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 41 хувь нь Трампыг шалгах ёсгүй гэж хариулсан бол 15 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ.

Намаар нь ангилж харвал Ардчилсан Намын гишүүдийн 74 хувь нь Трампыг шалгах хэрэгтэй гэж хариулсан нь долоо хоногийн өмнөхөөс 8 нэгж хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Бүгд Найрамдахчуудын 13 хувь АНУ-ын ерөнхийлөгч хууль зөрчсөн эсэхийг шалгах ёстой гэж хариулсан нь өмнөх долоо хоногоос 3 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Харин нам бусчуудын хувьд өөрчлөгдөөгүй 37 хувьтай хэвээр байна.

Үүнээс гадна Америкийн насанд хүрсэн иргэдийн 66 хувь нь сонгогдсон төрийн өндөр албан тушаалтан улс төрийн өрсөлдөгчөө ялахын тулд гадаад орны засгийн газартай хамтран ажилласан бол огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнд Бүгд Найрамдахчуудын 46 хувь, Ардчилсан Намынхны 88 хувь, нам бусчуудын гуравны хоёр нь ингэж хариулсан байна.

Ройтерсын судалгаа англи хэлээр онлайн орчинд АНУ даяар явагдаж, 2,234 хүн оролцжээ.

 

Эх сурвалж: Reuters