Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Аригуун: Машин техник муудсан зэрэг шалтгаанаас хог ачихгүй байх асуудал гарч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
 

Сүүлийн үед зарим байр, орцны гадна талбай болон гудамжинд хог бөөгнөрсөн, байдал ажиглагдах болжээ.

Үүний учир шалтгааныг Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

- Сүүлийн үед зарим байр орцны гадна талбайд хог бөөгнөрсөн байдалтай байна. Хог ачихгүй байгаа юм уу?

- Хог ачихгүй байна гэх гомдол сүүлийн үед ялангуяа Баянзүрх, Баянгол дүүргээс нэлээд ирж байна.

Тухайн дүүргүүдэд хог ачихгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, Хог ачих машин техник муудсан байгаатай холбоотой.

Нийслэлийн хэмжээнд хог ачих машин, техникийн парк шинэчлэл хийгдээгүй долоон жил болж байна. Хамгийн сүүлд 2012 онд хороо бүрд нэг хог ачих машин явуулах бодлого хэрэгжиж, 163 машинд парк шинэчлэл хийсэн.

Энэ онд бид нийслэлээс 12 хог ачих машин явуулахаар төлөвлөж байна. Худалдаж авах ажил хийгдэж байгаа.

Хоёрдугаарт, Хоёр дүүргийн ТҮК компанийн зохион байгуулалттай шууд холбоотой.

Өнгөрсөн жилийн өдийд ч хог ачихгүй байгаа тухай гомдлууд ихсэж байсан. Энэ шалтгаан нь ТҮК-ийн ажилчид энэ саруудад ээлж, ээлжээрээ амардаг. Тэгсэн тохиолдолд хог ачих машинууд нь хуваарийн дагуу явж чадахгүй болох тохиолдол гарч байсан.

Энэ байдлаас авч үзвэл тухайн хорооны ТҮК-ийн зохион байгуулалтаа муу хийж, машин техникийг зохицуулаагүй байна гэсэн үг.

Гуравдугаарт, Дүүргүүдийн ЗДТГ ТҮК-үүдийнхээ ажлын гүйцэтгэлийн мөнгийг дор, дор нь бүрэн гүйцэд өгөхгүй байгаатай холбоотой гэж харж байна.

ТҮК-ийн бүх үйл ажиллагаа гүйцэтгэлийн мөнгөөр явагддаг.

Энэ дүүргээс гаргах мөнгийг яагаад дутуу өгөөд байгаа шалтгаан нь айл, өрх ААН байгууллагууд хог хаягдлынхаа үйлчилгээний хураамжийг төлөхгүй байгаатай холбоотой.

Нийслэлийн нийт гэр хорооллын 60 гаруй хувь нь л хог хаягдлын төлбөрөө төлдөг.

Нийслэлийн хэмжээнд зөвхөн хог цуглуулж тээвэрлэх үйл ажиллагаанд зориулж жилд 22 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл жилд эргээд 14.5 тэрбум төгрөг нь айл, өрх, аж аухйн нэгж байгууллагаас цуглардаг.

Дэлхийн бүх улс оронд бохирдуулагч нь төлбөрөө төлөх зарчим үйлчилж байхад айл, өрхүүд хог хаягдлын төлбөрөө төлөхгүй байгаа нь харамсалтай.

- Хог хаягдлын төлбөрийг албадан төлүүлж болохгүй хэрэг үү. Төлбөрөө төлөхгүй байгаа айл, өрхөд хариуцлага тооцох хуулийн холбогдох заалт байхгүй юм уу?

-Монгол Улсын Татварын ерөнхий хуулиар иргэн татвар төлөх үүрэг нь бий шүү дээ.

Хог хаягдлын тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хуульд хог хаягдлынхаа хураамжийг өгөөгүй айл, өрх, аж ахуйн нэгж багууллагад торгууль тавихаар заасан байдаг.

Нөгөө талаас энэ асуудалд татварын байгууллага ажиллах ёстой. Татвараа төлөхгүй байгаа бол Татварын хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ. Энэ чиглэлээр татварын байгууллага нэлээд ажиллах ёстой.

Аж ахуйн нэгж байгууллагуудын 50 гаруй хувь нь л хог хаягдлын төлбөр хураамжаа төлж байна.

Мөнгө нь орж ирэхгүй байгаа болохоор ТҮК-үүд үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болж эхэлдэг. Энэ бүх татвар, аливаа төлбөр хураамж эргээд гинжин холбоотой байдаг гэдгийг манай иргэд сайн ойлгох хэрэгтэй.

- Та 2012 оноос хойш хог ачих машины парк шинэчлэл хийгдээгүй гэж хэллээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэчнээн хог ачих автомашин байдаг юм бэ?

Нийслэлийн хэмжээнд нийт 306 хогны машин бий. Үүний 60 орчим хувь нь улсын өмчид байдаг бол үлдсэн 40 хувь нь хувийн компаний эзэмшилд байдаг.

2012 оноос хойш 160 гаруй машин дахиж засварлагдах боломжгүйгээр эвдэрч гэмтэн, ашиглалтын шаардлага хангахаа больчихсон.

Одоо байгаа машинууд ч хэдий ажиллаж байгаа боловч бас л ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын Авто тээврийн байцаагч нар хэлж байгаа.

- Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ. Энэ асуудалд нийслэлээс ямар арга хэмжээ авч ажилаж байгаа вэ?

- Хог хаягдлын тухай хуульд зааснаар тухайн дүүргийн Засаг дарга нар хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх ажлыг ямар компаниар хийлгэх эсэхээ мэддэг. Өөрөөр хэлбэл, хариуцсан дүүргийнхээ хог ачихгүй, тээвэрлэлтээ хийхгүй байгаа Тохижилт үйлчилгээний компанийг солих эрхтэй гэсэн үг.

Харин Нийслэлийн Засаг даргын А/290 дугаар захирамжаар хогоо ачуулж дийлэхгүй байгаа хороодууд дээр дүүргийн Засаг дарга нар нэмэлтээр хог тээврийн компаниудыг сонгон шалгаруулж, ажиллуулах тухай заасан.