Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Айдас дор болсон Афганистаны сонгууль 25 хувийн ирцтэй өндөрлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Афганистанд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц дөнгөж 25 хувьтай байсныг албаныхан мэдээлжээ.

Тус улсад нийт 9.6 сая сонгогч бүртгэгдсэн ч Талибан хөдөлгөөнийхний сүрдүүлгээс айсан иргэдийн ихэнх нь саналаа өгөөгүй байна.

Ингэснээр 2001 онд Талибаны засаглалыг холбоотнуудын цэрэг унагаснаас хойшх хамгийн бага ирцтэй сонгууль болж байгаа юм. 2004 онд болсон анхны чөлөөт сонгуулийн ирц 70 хувьтай байжээ.

Талибанууд сонгуулийн үеэр санал хураалтын байруудад халдлага зохион байгуулна хэмээн сүрдүүлж байв. Нийт 70,000 гаруй цэрэг, цагдаа Афган даяар сонгуулийн санал хураалтын байруудыг хамгаалсан байна.

Гэсэн хэдий ч санал хураалтын байруудад зэвсэгт халдлага гарсны улмаас 5 хүн амь үрэгдэж, 80 орчим хүн шархджээ.

Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд эрх баригчид санал хураах байруудын ажиллах цагийг уртасгасан байна. Афганистаны газар нутгийн томоохон хэсэгт Талибанууд хяналтаа тогтоосон байдаг.

Энэ жилийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Ашраф Гани, гүйцэтгэх засаглалын тэргүүн Абдуллах Абдуллах хоёр өрсөлдөж байгаа. Тэдний хэн ялсан нь дайны хөлд 40 орчим жил нэрвэгдсэн улс орныг удирдана.

Сонгуулийн албан ёсны дүнг гурван долоо хоногийн дараа зарлах төлөвтэй байна. Сүүлийн 18 жилийн турш АНУ-ын цэрэг Афганистанд байрлаж байгаа. Өнөөдрийн байдлаар цэргийн тоо нь 14,000 орчим байгаа юм.

Трампын засаг захиргаа Талибан хөдөлгөөнийхөнтэй энхийн хэлэлцээ хийж байсан ч энэ сарын эхээр мухардалд орж, зогсоод байгаа.

Хэлэлцээр бүтэмжтэй болсон бол Талибанууд Афганистаныг олон улсын терроризмийн бааз болгохгүй гэсэн амлалт өгсний дараа АНУ ихэнх цэргээ тус улсаас гаргахаар төлөвлөж байжээ.

 

Эх сурвалж: BBC