Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөт-Бичигтийн чиглэлд 216 км төмөр зам барих асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ удирдлагуудтай нь уулзаж, энэ оны ажлын биелэлт болоод ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 

"Аймгийн хувьд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлд 1573.3 сая төгрөгийн 56 ажлыг хийхээс 43 ажлыг нь хийж гүйцэтгэн төлөвлөгөөт ажил 76.8 хувийн биелэлттэй явж байгаа. Сүхбаатар сумын Найрын дэнж дэхь 13 га талбайг энэ онд бүрэн ашиглаж төмс 9 га-д тариалж 81 тн, хүнсний ногоо 4 га-д тариалж 32.8 тн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар 60 тн төмс, 25.7 тн хүнсний ногоо хураан аваад байна.

Мөн төвлөрсөн дулаан хангамж, бие даасан уурын зуух бүхий сумдын их болон урсгал засварын ажил, нүүрсний нөөц, түлш шатахуун татан авах ажлын хэрэгжилт 65 хувийн биелэлттэй байна.

Харин дэд станцуудын тоноглол болон ЦДАШ-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах, хөрөнгө оруулалт, их болон урсгал засварын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ба гүйцэтгэл 92.1 хувьтай явж байгаа талаар Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлж, нөхцөл байдлаа танилцуулсан юм. 

Түүнчлэн тус уулзалтын үеэр аймгийн удирдлагуудынх нь зүгээс дараах ажлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Үүнд,

  1. Хөөт-Бичигтийн чиглэлд 216 км төмөр зам барих
  2. Баруун урт-Бичигт чиглэлийн 272 км зам барих
  3. Бичигт боомтыг хөгжүүлэх ажлууд багтсан байв. 

Ийнхүү уулзалт өндөрлөсний дарагаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод нээх ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон билээ. 

Ерөнхий сайд асан Ц.Жигжиджавын эдийн засгийн шинэтгэл:
  • 1926 оны анхны өмч хувьчлал
  • 1931, 1932 оны анхны облигац
  • 1931-1933 оны аж үйлдвэрийн анхны бүтээн байгуулалтыг удирджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ хөшөө нээх ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд нь оролцож нутгийн олонд хандан үг хэлсэн юм. 

Тэрбээр "1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Ц.Жигжиджав ерөнхий сайд байсан.

Түүний үйл хэрэг, алдар гавъяаг нь сэргээн мөнхжүүлэх талаар удаа дараа гаргаж байсан аймгийн иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газар дэмжсэний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ерөнхий сайд Ц.Жигжиджав” сан, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран түүх, соёлын нэг шинэ өв бослоо. 

Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав Манжийн хааны данстай байсан мал сүргийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмчмлж өгөх, анхны хоёр облигаци батлан Орос Улстай хоршсон анхны аж үйлдвэрийн комбинатууд байгуулах, 72 хошууг татан буулгаж анхны 13 аймагтай болох зэрэгт манлайлан оролцож байсан нэгэн.

Монгол Улсын зургаа дахь ерөнхий сайдынхаа хөшөөний өөдөөс хараад зогсож буй явдалд сэтгэл сайхан байна" хэмээв. 

Ц.Жигжиджавын шинэтгэгч, бүтээгч, анхдагч, манлайлагч байсныг уран бүтээлч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын гаргасан загвараар гэрэлт хөшөөнд мөнхөлжээ.