Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганбямба: Хэнтий аймгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дагаад хөгжил ирж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
 

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28,29-ний өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа. 

Зорьсон ажлуудын нэг нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явц, болон тус аймгийн хэмжээний зам засварын ажилтай танилцах явдал байв.

Тодруулбал, Жаргалтхаан, Мөрөн сумыг “Хангайн илч дулаан” ХХК өөрийн хөрөнгөөр цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 950 метр урт шугам хоолойг угсарч, аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.  

Ийнхүү шугам ашиглалтад орсноор эхний ээлжид тус сум дахь төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах боломжтой болжээ. 

 

Мөн “Хангайн илч дулаан” ХХК ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбадорж хэлж байв. 

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа “Хангайн илч дулаан” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүссэнээ ажлын явцтай нь танилцах үеэрээ хэлж байв.

Үүний дараагаар ерөнхий сайд тус суманд хийгдэж буй 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцсан юм. 

Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болно гэдгийг Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба онцолсон. 

Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно
 

Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба "Хэнтий аймаг энэ жил 134 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Чингис хаан хот – Бэрх чиглэлийн зам юм. Зам ашиглалтад орсноор зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дадал суманд хэрэгжүүлж байгаа “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан”  бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг шат ахина. 

Үүнээс гадна Хэнтий аймаг төвдөө 10 тэрбум төгрөгөөр авто болон явган хүний зам тавьж байна. Мөн цагдаа зэрэг төрийн байгууллагын барилгыг шинээр барьж, 10 сумын эрчим хүчний хангамжийг сайжруулан, зургаан багийг өндөр хүчдэлээр холбосон. Ирэх жил 145 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. Хэнтий аймгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг дагаад хөгжил ирж байгааг нүдээр харж байна" хэмээв.