Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үнэ төсөөлшгүй хэмжээнд хүртэл өсөхийг Саудын Арабын ханхүү анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман АНУ-ын CBS News сувагт Ням гарагийн орой дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Энэ үеэр тэр ярихдаа дэлхийн улс орнууд Ираныг номхруулахгүй бол газрын тосны үнэ “төсөөлшгүй хэмжээ”-нд хүртэл өсөж, дэлхийн эдийн засгийг сүйрүүлэх аюултайг анхааруулжээ.

“Хэрвээ дэлхий нийтээр Ираны дэглэмийг номхруулах хатуу арга хэмжээ авахгүй бол газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ ханш нь бидний амьдралдаа харж байгаагүй хэмжээнд хүртэл өсөх болно” гэж ханхүү ярьсан байна.

Ойрх Дорнодын бүс нутаг дэлхийн эрчим хүчний хангамжийн 30 хувь, дэлхийн худалдааны урсгалын 20 хувь, дэлхийн нийт бүтээмжийн 4 хувийг эзэлдгийг дурдсан Мохаммед Бин Салман “Эдгээр гурван үзүүлэлтийг зогсоно гэж төсөөлөөд үз. Ингэвэл зөвхөн Саудын Араб, Ойрх Дорнодын орнууд төдийгүй дэлхийн эдийн засаг сүйрнэ” гэж хэлжээ.

Есдүгээр сарын 14-ний өдөр Саудын Арабын газрын тосны хоёр байгууламжид дроны халдлага гарсан. Саудын тал үүнд Ираны эрх баригчдыг буруутгаж, харин Тегераны засгийн газар няцааж байгаа.

Ойрх Дорнодын бүс нутгийн гол хоёр өрсөлдөгч нь Саудын Араб болон Иран улсууд юм. Трампын засаг захиргаа Саудын Арабын талд зогсож, Иран улстай Обамагийн үед байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн цуврал хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байгаа билээ.

Ханхүү Мохаммед Бин Салман өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн консулын газарт алагдсан сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн хариуцлагыг өөртөө хүлээж байгааг ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Тэрээр аллагыг захиалаагүй, тухайн үед мэдээгүй өнгөрсөн ч Саудын Арабыг удирдаж байгаа хүнийхээ хувьд эцсийн хариуцлагыг хүлээхээ илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: BBC