Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Польшийн цагдаагийн байгууллагаас манай улсын 69 дипломатч, улстөрч, төрийн албан хаагчийг эрэн сурвалжилж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1753546291455727/

Байнгын хороон дарга Т.Аюурсайхан “Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг ирүүлсэн. Зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн. 

Польш улсаас ирүүлсэн 69 хүний мэдээллээс эхний ээлжинд зургааг нь танилцуулъя. Одоогоор эдгээр зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. 

Х.Даваадорж Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан. 

Б.Болор нь Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа. 

А.Батсайхан БНЛАУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа. 

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон. 

Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан.

С.Эрдэнэ 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан. 

Мөн өндөр албан тушаалтнууд өөрсдийн туслахуудаа гадаад оронд атташегаар томилуулдаг. Хэдийгээр туслахууд нь гадаадад томилогдох шаардлага хангасан гэдэг ч энэ нь ёс зүйгүй үйлдэл юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар өөрсдийн туслахуудаа Оттава, Лондонд атташегаар томилсон



Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй манай улсын 69 иргэний тухай мэдээлэл