Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн анхны шав тавьсан газарт хотын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх сарын 29-ний өдөр тохионо.

Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг, Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж, Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, хотын дарга асан Ц.Баасанжав болон бусад төлөөлөгчид оролцов.

 

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн тухай Р.Давга энэ үеэр онцолсон юм.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 20 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.

 

“Монголчуудын түүхэнд гэгээн саруул ухааны гайхамшгийг үзүүлж, өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний урлагийн алтан санд арилшгүй ул мөрөө үлдээсэн алдар суут өндөр гэгээний мэндэлсэн өнө мөнхийн дурсгалт өлгий нутагт Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болоод хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 1999 онд босгосон “Гэрэлт хөшөө”-нд бид жил бүрийн намрын нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд хүндэтгэл үзүүлж, хүмүүний ёсыг гүйцэлдүүлдэг уламжлалтай болсон. Уламжлалаа хүндэтгэж, удам хойчдоо өвлүүлэн үлдээдэг өвөг дээдсийн ёс жаяг өнөөгийн бидэнд хамааралтай төдийгүй даяарчлагдаж буй орчин цагт өөр бусдаас ялгарах өвөрмөц соёлоо ариун нандин байлгах өгөгдөхүүний хариу тайлал болж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ёслолын үйл ажиллагааг нээхдээ онцолсон юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс