Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэгт Солонгосын технологиор барьсан тарвасны хүлэмжийн анхны ургацыг хураан авлаа

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркт 50 метр урттай, тарвасны найман ширхэг хүлэмжийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан.

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркт болж, холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор хөгжүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ загвар гэгддэг. Монголын хөрсөнд, монгол хүлэмжинд ургасан амтат тарвасыг нийслэлчүүд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж эхэлснээр хөдөө аж ахуйн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэнэ хэмээн мэргэжилтнүүд олзуурхаж буй юм.

Түүнчлэн тус хүлэмжийг барьж байгуулан, монгол хөрсөнд нутагшуулахад “Хан-Уул-Агро парк”-ийн агрономичид Солонгосын мэргэжилтнүүдээс туршлага судлан, цаашид Монголын тариаланчдад эзэмшүүлэх зорилт тавьсан нь ийнхүү амжилттай хэрэгжив. Шинэ ургацын тарвасны болцыг мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд солонгос технологиор тарьсан нь Ховдын тарвасын болцоос илүү байсныг мэргэжилтнүүд танилцууллаа.

Ийнхүү эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн тухайд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр дүүрэг, нийслэлийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо хэмээн онцолж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс