Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын хааны үнэнч бие хамгаалагч хувийн маргааны улмаас бусдад буудуулж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Саудын Арабын хаан Салман

Саудын Арабын эзэн хаан Салманы хувийн бие хамгаалагч маргааны улмаас бусдад буудуулж амиа алдсан тухай тус улсын төв хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.

Хошууч генерал Абдулазиз Аль Фагхам нь өмнөх эзэн хаан Абдуллахд 10 жилийн турш үйлчилснийхээ дараа өнөөдрийн эзэн хаан, 83 настай Салманыг мөн үргэлжлүүлэн хамгаалж байгаа Саудын Арабт алдар хүндтэй хүн юм.

“Генерал Абдулазиз Аль Фагхам хувийн маргааны улмаас Жиддах хотноо бусдад буудуулж амиа алджээ” гэж тус улсын төв телевизийн суваг мэдээлжээ.

Энэ мэдээллээс хэдэн цагийн дараа Saudi Press Agency генералыг найз нь буудаж хөнөөсөн бөгөөд тэнд байсан Саудын иргэн болон Филиппин ажилчин хоёр шархдсан тухай мэдээлсэн байна.

Хэргийн газарт ирсэн цагдаа нар руу гал нээж, тавыг нь шархдуулсан тул алуурчныг буудан хөнөөсөн тухай бас мэдээлжээ.

Исламын хатуу хуультай Саудын Арабт галт зэвсэг ашигласан гэмт хэрэг маш ховор гардаг. 30 гаруй сая хүн амтай тус улсад 2017 онд 419 хүн амины хэрэг гарсан гэх НҮБ-ын тоо баримт бий.

 

Эх сурвалж: Associated Press