Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн орны дэд ерөнхийлөгчийн тансаг автомашинуудыг дуудлага худалдаагаар зарлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Африкийн Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгчийн эдэлж байсан тансаг ангиллын автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах ажиллагаа Швейцар улсад зохион байгуулагджээ.

Дэд ерөнхийлөгч Теодоро Нгуэма Обианг Мангуэ нь тус улсыг 40 жил захирч байгаа ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуэма Мбасогогийн хүү юм.

Дарангуйлагч өөрийн хүүг 2016 онд дэд ерөнхийлөгчөөр томилж, залгамжлагчаараа бэлдэж эхэлжээ.

Швейцарын шүүх 2016 онд дэд ерөнхийлөгчийн мөнгө угаасан хэргийг шалгаж эхэлсэн юм. Харин энэ оны эхээр хэргийг хааж, оронд нь бараг шинээрээ 25 ширхэг спорт загварын тансаг автомашиныг нь хурааж, борлуулахаар тохиролцсон байна.

Тэдгээрийн дотор хамгийн үнэтэй нь Lamborghini Veneno байв. Уг загварыг үйлдвэрлэгч нь 50 жилийнхээ ойд зориулан есхөн ширхийг үйлдвэрлэж байжээ.

Lamborghini Veneno өчигдрийн дуудлага худалдаагаар $8.3 саяд зарагдсан нь $5.1 саяын үнэ хүрнэ гэсэн таамгийг эвдсэн байна.

Энэ мэт Ferrari, McLaren, Bugatti Veyron, Aston Martin зэрэг төмөр хүлгүүд олон саяын үнээр зарагджээ.

 
Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгч

Экваторын Гвиней нь ердөө 1.2 сая хүн амтай жижиг улс боловч газрын тосны үйлдвэрлэлээр тивдээ тэргүүлдэг орнуудын нэг юм. Ерөнхийлөгчийн хүү улсынхаа төсвөөс их хэмжээний мөнгө идэж уусан хэргээр өөр улсуудад ч шалгагдаж байв. 2017 оны аравдугаар сард Парисын шүүх түүнд гурван жилийн тэнсэн харгалзах ял, 30 сая еврогийн торгууль оноож байжээ.

Дэд ерөнхийлөгч албан ёсны жилийн цалингаасаа 1,000 дахин их мөнгөөр Парисын төвд зургаан давхар сууцанд амьдарч, тансаг автомашин, урлагийн бүтээл цуглуулж байсан нь хуулийнхны анхаарлыг татсан юм.

Өнгөрсөн онд тэр Бразил улсад хувийн онгоцоор зочлохдоо нийт $16 саяын үнийн дүн бүхий бэлэн мөнгө, бугуйн цаг тээвэрлэж яваад гаалийнханд хураалгаж байв.

Энэ их хөрөнгийг дэд ерөнхийлөгчийн эмчилгээний төлбөрт зориулах гэж байсныг Экваторын Гвинейн албаныхан Бразилын цагдаад мэдүүлж байжээ.

 

Эх сурвалж: CNN