Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа АНУ-д ирэх цагаачдын тоог эрс бууруулах шийдвэрээ зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Трампын засаг захиргаа 2020 онд АНУ-д хүлээж авах цагаачдын тоог 18,000-аар хязгаарлах шийдвэрээ зарлалаа.

Энэ нь орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн бага тоо юм. Уг шийдвэрээ Цагаан ордон гадаад улс орнуудаас ирэгсдийн ачааллыг дийлэхгүй болсонтой холбож тайлбарлажээ.

“АНУ-ын одоогийн цагаачлалын системийг шинэчилж, сайжруулсныхаа дараа илүү олон тооны цагаач хүлээж авах болно” гэж төрийн департментын мэдэгдэлд дурдсан байна.

Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш гадаадаас ирэх цагаачдын тоог эрс хязгаарлах болсон юм. Тэрээр 2017 онд тангараг өргөснийхөө дараахан АНУ-д жилд авах цагаачдын тоог 50,000 болгож бууруулсан байна. Гэтэл Барак Обамагийн засаг захиргааны үед энэ хязгаар 110,000 байсан юм. Улмаар 2018 онд 45,000, 2019 онд 30,000 болгон бууруулсан байна.

2020 онд хүлээж авах 18,000 цагаачийн 4,000 нь Ирак улсад ноогдож байгаа бол 5,000-ыг шашин шүтлэгийн хавчлагаас зугтаж ирэгсдэд, 1,500-г Умардын Гурвалжин гэгддэг орнууд болох Төв Америкийн Хондурас, Эль Сальвадор, Гватемалд оноожээ.

Харин бусад 7,500 буюу 40 орчим хувь нь өөр улс орнуудаас, өөр шалтгаанаар цагаачлан ирэгсдэд зориулагдсан байна.

АНУ-ын хуулийн дагуу жилд хүлээж авах цагаачдын тоог тогтоохдоо ерөнхийлөгч конгресстой зөвлөлдөх ёстой.

Өнөөдөр дэлхий даяар нийт 71 сая орчим хүн амьдарч байсан газар нутгаасаа янз бүрийн шалтгаанаар цагаачлаад байгаа гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Reuters