Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад өрийг эргэн төлөхдөө дахин санхүүжилтийг хослуулах бодлого баримтална"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр Монголбанкнаас танилцууллаа.

Монголбанк эдийн засгийн нөхцөл байдалд үндэслээд Төрийн бодлогын үндсэн чиглэлийг хоёр хэсэгт хуваан авч үзжээ.

  • Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Эдийн засгийн тогтвортой хөгжлийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгуулагатай хамтран ажиллах

Тодруулбал, Монголбанк дангаараа хэрэгжүүлэх гурван зорилтын хүрээнд дараах заалтуудыг багтаасан байна. Үүнд: 

1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 

  • Инфляцыг 2020 он хүртэл 8%, дунд хугацаандаа 6%-д тогтворжуулахаар ажиллана.   
  • Өнгөрсөн оноос макро зохистой бодлого хэрэгжүүлэх шинэ функц Монголбанканд нэмэгдсэн. Энэ хүрээнд өр, орлогын харьцааг тогтоох бодлого хэрэгжүүлсэн нь амжилттай болж, хэрэглээний зээлийн өсөлт тогтворжиж байгаа. Энэ бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Олон нийттэй харилцах харилцаагаа өргөжүүлж, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар хариуцлагыг, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ. 

2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд

  • Банк санхүүгийн хууль эрх зүйн шинэчлэлийг үргэлжүүлэн хийнэ. 
  • Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, зуучлалыг өргөжүүлнэ. 
  • Банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
  • Банкны хяналт шалгалттай холбоотойгоор ирэх онд банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон бусад шаардлагыг стандартад нийцүүлэн нэвтрүүлж, түүнд хяналт тавихаар төлөвлөж байна. 

3. Санхүүгийн захын дэд бүтэц түүний институцийг бэхжүүлэх хүрээнд 

  • Үндэсний төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, финтек компаниудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллана. 
  • Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын системийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллана. Одоогийн суурь бүртгэлийн систем бусад банктай харьцуулахад хоцрогдсон. 
  • Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх аж. 

"Экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ төсөөллөөс муудах эрсдэлтэй бөгөөд үүний нөлөөгөөр худалдааны нөхцөл 2019 онд муудахаар байгаа" гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа танилцуулгын үеэр хэлсэн. 

Учир нь АНУ, Хятад улс хоорондын худалдааны маргаан хүндрэх хандлагатай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, улмаар хөрөнгө оруулалт, металлын зах зээлийн эрэлтэд сөргөөр нөлөөлж, цаашид түүхий эдийн эрэлтийг бууруулах хандлагатай байгаа нь ийм дүгнэлтэд хүргэж буй аж. 

График 1. Худалдааны нөхцөл, экспортын үнэ, түүний төсөөлөл

 

Дээрх үзүүлэлтээс харвал нүүрс, төмрийн хүдрийн үнийн төсөөлөл энэ онд сайжирсан ч зэсийн үнэ төсөөлснөөс доогуур байна. 

Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлтэд доголдол үүссэн нь үнэ өсөх гол шалтгаан болжээ. Харин зэсийн үнэ буурсан нь хоёр том гүрний худалдааны маргаантай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, зах зээлд оролцогчдын итгэл суларсантай холбоотой хэмээн үзэж байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Гадаад өрийн төлөв байдал эдийн засагт дарамттай юу гэвэл дарамттай.

Монгол Улсын гадаад өр 29.5 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-д 224 хувь, экспортын орлогод 430 хувийг эзэлж байна.

Засгийн газрын ирэх жилүүдэд төлөх 14 орчим тэрбум ам.долларын эргэн төлөлт нь өнөөдрийн манай улсын гадаад валютын нөөцөөс ойролцоогоор дөрөв дахин давсан үзүүлэлт. Ийм нөхцөл байдлыг бид ойрын 4-5 жилийн бодлогодоо оруулж шийдвэрлэх ёстой. Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийг эргэн төлөхдөө эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, дахин санхүүжилттэй хослуулах бодлого баримталж байгаа" гэв. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өчигдөр УИХ-д өргөн бариад буй.