Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын зээл, лавлагаа, дүнгийн тодорхойлолт зэрэг авах бол Төв талбайг зориорой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Энэ хүрээнд иргэд элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсаа гээгдүүлсэн шалгуулагчдын өргөдлийг хүлээн авч,дүнгийн тодорхойлолт гаргах, хүүхэд залуучуудын хөгжлийн оношилгоо, арга зүйн зөвлөмж өгч байгаагаас гадна магадлал итгэмжлэгдсэн хөтөлбөр, их дээд сургуулийн талаарх танилцуулга болон төрийн өмчит их дээд сургуулиудын хөтөлбөр, онцлог давуу талуудын тухай мэдээлэл авах гэх мэт олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн Үдийн цайны үйлчилгээний мэдээлэл авч болохоос гадна АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн асарт очин даралтаа үзүүлж, эрүүл хооллолтын талаар зөвлөгөө авах боломжтой аж. 

Энэ талаар АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Д.Мягмарцэрэн “Өдөрлөгийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол Японы сургалтын эмнэлэг, оюутны эрүүл мэндийн төвөө сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.

Мөн бид насанд хүрэгчдэд артерийн даралтыг үзэж, зүрх судасны өвчнийг дүгнэж тогтоож, чихрийн шижингээр өвдөх эрсэдлийг дүгнэн хөдөлгөөн, хооллолтын зөвлөгөөг өгч байна.

Түүнчлэн иргэдийн биеийн жин, өндрийг хэмжиж жингийн илүүдэл байгаа эсэхийг үзэж байна" гэлээ.

Боловсролын зээлийн сангийн Хуулийн зөвлөх Т.Бат-Эрдэнэ "Өдөрлөгийн хүрээнд өмнө нь улсаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл авч, дипломоо үлдээсэн иргэд чөлөөлөгдсөн дипломоо манай асарт ирж авч болно. Эсвэл диплом нь чөлөөлөгдсөн эсэхээ шүүлгэж болох юм. Мөн эндээс Оюутан хөгжлийн зээлийн үйлчилгээг авах боломжтой" гэв.

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж очно.

  • Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
  • Дүнгийн тодорхойлолт
  • Тухайн улиралд сонгосон хичээлийг батагаажуулах баримт
  • Ирээдүйн зорилгыг тодорхойлох 250-500 үгтэй эсээ бичиж анзет бөглөн зээлээ авах боломжтой аж.

УДЭТ-ын Маркетинг, төлөвлөлтийн албаны дарга С.Энхболд “УДЭТ-ын талаарх мэдээ мэдээлэл болон ирэх саруудад тоглогдох Монгол жүжгүүдийн тасалбарыг газар дээрээс нь худалдан авах, УДЭТ-ын уран бүтээлчидтэй хамт зургаа татуулах, тусгай үзүүлэх тоглолтууд ч явагдана.

Мөн хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд 2019 оны 4 дүгээр улиралд тоглолтын үзэж, сонирхох эрхийн бичгийн азтан шалгаруулна” гэлээ.

Боловсролын салбарын мэдээллийн системийн ажилтан н.Батмөнх “Боловсролын салбарын мэдээллийн системд сургуулийн өмнөх боловсролын салбарын суурь бүртгэл төдийгүй статистик мэдээ цуглуулан боловсруулах, суралцагчдын шилжилт хөдөлгөөн, сурлагын дүн, ирц, дэвшилт, төгсөлт, улсын шалгалт боловсролын бичиг баримтын бүртгэл лавлагаа зэрэг үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулж байна.

Манай төсөл хэрэгжэд 5 жил болж байна. Энэ хичээлийн жилээс шинээр хэрэгжиж байгаа зүйл багшийн цахим журнал бий болсон. Үүгээр эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг харж сурлагыг нь хянах боломжтой.

Тэтгэлгийн систем бий. Энэ нь яамнаас зарлагдаж байгаа гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэг энэ систем дээр бүртгэгддэг.

Түүнээс гадна "Econtent" аппликейшн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичгүүдийг унших, татаж болдог. Энэ талаарх бүх мэдээллийг эцэг эхчүүд ирж авах боломжтой" гэлээ.

Өдөрлөгийн хүрээнд маш олон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаас гадна биеийн бүтэц, илүүдэл жингийн индекс тодорхойлон бие бялдарын хөгжлийг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байгаа юм.

Өдөрлөг орой 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг Mpa.mn