Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн захиргааны ажилтныг 2020 оноос АНУ-д сургалтад хамруулна

ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг "Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал байлаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Нээлттэй дэлхий, манлайлал төвийг төлөөлж тус төвийн дэд захирал хатагтай Маура Шелден нар гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийн Монгол номын уншлагын танхимд зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийг хариуцсан дарга профессор Шао Донгфанг, АНУ-ын Конгрессын судалгааны газрын Монгол судлаачид, АНУ-ын Төрийн Департментын Шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик, АНУ-ын Шүүхийн захиргааны газрын Олон улсын шүүхийн асуудал хариуцсан мэргэжилтэн ноён Омар Бадави болон Нээлттэй дэлхий, манлайлал төвийн менежер ноён Мэтью Такэр зэрэг 20 гаруй албаны хүмүүс оролцсон болно.

Дээрх арга хэмжээний хүрээнд ШЕЗ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид АНУ-ын Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Нээлттэй дэлхий, манлайлал төвийн удирдлагатай хоёр талын уулзалт хийж хоёр байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй дэлхий, манлайлал төв хооронд тогтсон уламжлалт харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд тус төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан ШЕЗ-өөс төлөөлөгчид ирж Санамж бичгийг байгуулж буй нь хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж цаашид өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Майкл Помпеогийн мэндийг ШЕЗ-ийн төлөөлөгчдөд уламжлаад хоёр орны хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглээд энэ нь хоёр орны харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамрах болсны илрэл хэмээв. Тэрээр цаашлаад АНУ, Монгол Улс хоёр нь хүний эрх, ардчилал, эрх зүйт ёсыг дээдлэх нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан 32 жилийн дипломат харилцааг улам бэхжүүлж, цаашид гуравдагч хөршийн хувиар хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден, АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик нарт талархал илэрхийлээд, Нээлттэй дэлхий, манлайлал төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн хэлэхдээ "хоёр байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг нь манай хоёр байгууллагын төдийгүй Монгол Улс, АНУ хоорондын хууль, эрх зүйн салбарын идэвхтэй хамтын ажиллагааны томоохон илэрхийлэл юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтран ажиллахад ШЕЗ өндөр ач холбогдол өгч ажиллах болно” гэлээ.

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Хэвлэл мэдээллийн хэлтэс