Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикт таван жилийн өмнө сураггүй болсон 43 оюутны хэргийг шинээр мөрдөх ажил эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2014 оны есдүгээр сарын 26-ны өдөр Мексикийн Гуэрреро мужийн Аяоцинапа хотын багшийн коллежийн оюутан 43 залуу гэнэт сураггүй алга болсон юм.

Гэрчүүдийн мэдүүлснээр тэднийг эхлээд цагдаа нар баривчилж, дараа нь Гуэрреро Юнидас гэмт хэргийн бүлэгт шилжүүлж өгсөн гэдэг. Уг бүлэг нь Мексикийн баруун өмнөд бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.

Оюутан залуусыг орон нутгийн зарим албан хаагчдын оролцоотойгоор гэмт этгээдүүдэд барьцаалагдсан гэж үзэж байв.

Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд тэднээс ямар ч сураг гараагүй байна.

Оюутнуудын алга болсон хэрэгт холбогдуулан ганц ч хүнд хуулийн хариуцлага тооцоогүй ажээ. Мексикт нийт 40,000 гаруй хүн сураггүй алга болсон гэх бүртгэл байдаг.

Хэргийг Мексикийн өмнөх ерөнхийлөгч Энрик Пена Нетогийн засгийн газрын үед мөрдөн шалгаад үр дүнд хүрээгүй мухардсан юм. Гэхдээ энэхүү мөрдлөгийг гүйцэтгэсэн албан тушаалтнууд хэтэрхий хайнга хандаж, олон удаа алдаа гаргасан гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг.

Хэрэгт холбогдуулан нийт 140 гаруй хүнийг баривчилснаас сүүлд 77-г нь суллан явуулсан юм. Үлдсэн хүмүүс нь шүүхийн шийдвэрийг хүлээн хоригдож байгаа.

Гэхдээ тэднийг ч гэсэн удахгүй баримт нотолгоо байхгүй гэсэн шалтгаанаар суллах өндөр магадлалтай байгаа юм.

Суллагдсан хүмүүсийн дотор 43 оюутныг баривчлах тушаал өгсөн гэгддэг Гилдардо Лопез Астудилло байжээ.

Хэрэг гарснаас яг таван жилийн дараа Мексикийн шинэ ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор дуулиант хэргийг дахин мөрдөн шалгахаар шинэ хороог байгуулж байна.

Тус хороо нь хэргийг эхнээс нь шалгаж эхлэх бөгөөд өмнө нь ажиллаж байсан шүүгчид, албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэхийг ч шалгах юм.

Энэ сарын эхээр Обрадор ерөнхийлөгч “бид бүгдийн сэтгэлд үүссэн шархыг эдгээхийн төлөө ажиллана” гэж мэдэгдээд хэргийн талаар мэдээлэлтэй хүн ил гарвал засгийн газар хамгаалалтдаа авахыг амласан байна.

Өчигдөр Мехико хотын төвд оюутнууд алга болсны таван жилийн ойд зориулсан католик шашны мөргөл зохион байгуулагджээ.

Сураггүй алга болсон оюутнуудын ар гэрийнхэн үр хүүхдүүдээ амьд мэнд эргэж ирнэ гэсэн найдлагатай хэвээр байна.

 

Эх сурвалж: CNN