Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсын ерөнхийлөгч асан Жак Ширак таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч асан Жак Ширак өнөөдөр өглөө 86 насандаа таалал төгссөнийг түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.

Тэрээр Франц улсын ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Франц улсыг Евро мөнгөн тэмдэгтэд шилжүүлсэн төрийн зүтгэлтэн юм. Мөн Парис хотын даргаар ажиллаж байсан.

Өнөөдөр Францын үндэсний ассамблейн гишүүд нэг минут дуугаа хурааж, талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна.

Тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутгийн цагаар 20:00 цагт телевизээр үг хэлж, Жак Ширакт хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Францын ерөнхийлөгч асан Франсуа Олланд “Өнөөдөр ямар үзэл бодолтойгоосоо үл хамааран Францын бүх ард иргэд найз нөхрөө алдлаа” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч асан Никола Саркози “Миний амьдралын нэг хэсэг өнөөдөр алга боллоо” гэж мэдэгдээд Жак Ширакыг “Франц орныг нэгдмэл үнэт зүйлтэй болгосон хүн” гэж дурсжээ.

Жак Ширак 1932 онд банкны менежэрийн гэр бүлд мэндэлсэн юм.

Тэрээр 1995-аас 2007 оны хооронд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Францыг хамгийн удаан хугацаанд удирдсан хоёр дахь хүн болсон байна. Тэрээр энэ үзүүлэлтээр өөрийнхөө өмнөх ерөнхийлөгч Франсуа Миттераны дараа эрэмбэлэгддэг. 

Албан тушаалаасаа буусан цагаас хойш Жак Ширакын эрүүл мэнд тасралтгүй доройтсон юм.

Тэрээр авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт холбогдож байсан ч Иракийн дайнд Франц улсыг оролцуулахыг хатуу эсэргүүцэж байсан, дэлхийн хоёрдугаар дайны үед жүүд иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Францын засгийн газрын гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн анхны удирдагч гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн ерөнхийлөгч юм.

 

Эх сурвалж: BBC