Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Номхон далайн хоёр арал улс Тайваньд үнэнчээ илэрхийллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон жил тэмцэж байгаа Тайвань арал саяхан долоо хоногийн дотор хоёр дипломат харилцаатай улсаа Бээжингийн засгийн газарт алдсан билээ.

Соломоны арлууд болон Кирибати улсууд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, эх газрын Хятадтай түншлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр Тайваний дипломат түншийн тоо 15 болж буурсан.

Тэгвэл өнөөдөр Номхон далайн бүсийн хоёр арал Маршаллын арлууд, Науру улсууд уламжлалт дипломат түншээ солихгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Номхон далайд орших олон жижиг арлуудаас тогтдог улс орнууд Дэлхийн Хоёрдугаар Дайнаас хойш АНУ болон түүний холбоотнуудад стратегийн хувьд чухал байрлалтай газар нутгаа ашиглуулсаар ирсэн түүхтэй.

Харин сүүлийн жилүүдэд Хятадын хүч нөлөө нэмэгдсэнээр энэхүү хэлхээ холбоо суларч, зарим улс орнууд Тайванийг Хятадаар солих болоод байна.

Дипломат харилцаагаа хэвээр хадгалах сонирхлоо илэрхийлсэн дээрх улсуудад Тайваний гадаад хэргийн яам талархал илэрхийлжээ.

Одоо Тайванийг хүлээн зөвшөөрдөг дэлхийн 15 улс байгаа нь бүгд Номхон далай, Төв Америкийн жижиг, ядуу буурай орнууд байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Номхон далайн өөр нэг улс Тувалугийн парламент шинэ ерөнхий сайд томилсон нь эх газрын Хятадад боломж олгож байна гэж судлаачид дүгнэж байгаа.

Хятадын засгийн газрын амалсан санхүүгийн тусламж, хөнгөлөлттэй зээл эдгээр орнуудыг түншээ солиход гол нөлөө үзүүлж байгаа. Тайваний эрх баригчид Бээжинг “долларын дипломат бодлого” явууллаа хэмээн шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж: Reuters