Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шоу бизнесийн салбараас төрсөн хоёр ерөнхийлөгч анх удаа уулзалдав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нью Йорк хотноо болж байгаа НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн олон орны удирдагчидтай уулзаж байгаа.

Өчигдөр буюу Лхагва гарагт тэр Вашингтоны улс төрийн тэмцэлд нэр холбогдоод байгаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм.

Хоёр ерөнхийлөгчийг адилтгаж байгаа зүйл нь тэд хоёул шоу бизнесийн ертөнцөөс тодорсон эрхмүүд байв. 73 настай Трамп үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болсноос гадна телевизийн реалити шоуны од болж байсан хүн.

Харин 41 настай Зеленский телевизийн хошин цувралын гол дүрд тоглож, олон нийтэд танигдсан хүн юм.

Тэдний ярианы өнгө ч нийлж байлаа. Эхлээд ерөнхийлөгч нар харилцан хошигнож, уулзалтаа зөөлөн уур амьсгалтай эхлүүлжээ.

Трамп эхлээд “Тэр намайг илүү алдартай болгосон бол би ч түүнийг нэмж алдаршуулаад байгаа” гэж хэлээд тэнд цугларсан сэтгүүлчдийг инээлгэсэн байна.

Хариуд нь Зеленский “Утсаар ярьснаас телевизийн камерны өмнө ярих илүү амар юм” хэмээн хэлж хөгжөөжээ.

Дараа нь Трамп Умард Солонгосоос эхлээд Иран хүртэл бүх улс орны талаар хэлдэг уламжлал болсон магтаалын үгээ хэлсэн байна. “Миний бодлоор энэ бол асар их чадавхитай улс орон юм” гэж Трамп Украиныг магтан ярьсан юм.

Хариуд нь Зеленский “Тиймээ, би мэднэ. Учир нь би тэндээс ирсэн юм” гэж хэлжээ.

Трамп энэ хариултыг гайхах, баясахын завсарт хүлээж авсныг царайнаас нь харж болохоор байв.

 Дараа нь Зеленский АНУ-ын ерөнхийлөгчийг Украинд айлчлан ирэхийг урихдаа Трампын байнга шүүмжилдэг өмнөх ерөнхийлөгч Барак Обама хэзээ ч эх оронд нь зочилж байгаагүйг давхар сануулжээ.

Тэгэхэд Трамп “Би энэ талаар бодож үзнэ” хэмээн сулхан хариулсан байна.

Зеленский бас Трамп өөрийг нь Вашингтонд урьж байсныг сануулаад “Гэхдээ та надад хэзээ айлчлах өдөр судрыг хэлэхээ мартсан байна лээ” хэмээн хошигносон юм.

Ийнхүү хэсэг хугацаанд хөнгөн, хөгжилтэй яриа өрнүүлсний дараа тэдний ярианы өнгө ширүүссэн байна.

Мэдээж сэтгүүлчид өнөөдрийн гол дуулиан болоод байгаа хоёр ерөнхийлөгчийн утсаар ярьсан ярианы агуулгын талаар олон асуулт тавьж, Зеленский хариулсан юм.

“Бид утсаар таатай, нөхөрсөг яриа өрнүүлсэн. Бид олон сэдвээр ярилцсан. Хэн ч надад дарамт шахалт үзүүлээгүй. Та бүхэн ярианы тэмдэглэлийг бүгд уншсан байх. Уучлаарай, би АНУ-ын ардчилсан, нээлттэй сонгуулийн үйл явцад оролцмооргүй байна” гэж тэр хэлжээ.

Харин үүний дараа Трамп нэлээд бухимдаж, өөрийг нь буруутгаж байгаа Ардчилсан Намын улс төрчид рүү дайрч давшилж эхэлсэн байна. Тэрээр Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа ямар ч буруу зүйл яриагүй, энэ бүхэн өөрийг нь 2020 оны сонгуульд унагах гэсэн өрсөлдөгчдийнх нь улс төрийн гүжир гүтгэлэг хэмээн мэдэгджээ.

Ардчилсан Нам олонх болдог АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Трампыг хууль зөрчсөн эсэхийг шалгах комисс байгуулаад ажиллаж эхэлсэн. Шалгалтын дүгнэлт дээр үндэслэн Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар конгресст санал хураалт зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: AFP