Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор эхчүүдийн ажилласан жилийг нэмэгдүүлэхэд 10.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр 2020 оны Монгол Улсын төсвийн төслийг танилцуулсан.
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль ирэх онд хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах заалтад тулгуурлан төсөвт тусгаснаа Сангийн сайд хэлсэн юм. 

Тодруулбал, эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахад зориулж 10.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Уг хуулийн зорилго нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгах буюу төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох юм. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй ээж 27 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол уг хууль хэрэгжсэнээр 33 жил ажилласнаар тооцогдоно.