Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: "Үдийн цай" хөтөлбөр, цэцэрлэгийн хоолны мөнгө 50 хувиар нэмэгдэнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Сангийн яам

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан төсвийн талаар танилцуулга хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/517430825737917/

Ирэх оны эдийн засгийн өсөлтийг Засгийн газар 6% байхаар тооцжээ. 2018 оны эдийн засгийн өсөлт 7.2% байсан бол 2019 оны эхний хасаг жилд 7.3% болсон. Төсвийн тооцоолол дээр 8%-аар тооцсон боловч оны эцсийн гүйцэтгэлээр 7-8 хувьтай байх болов уу гэж үзжээ. Харин инфляцын түвшин 8 хувьтай байна гэж тооцсон байна. 

Монгол Улсын эдийн засгийн дотоод эрсдэлд дараах зүйлсийг авч үзжээ. Үүнд:

  • Саарал жагсаалт - Энэ жагсаалтад орох эрсдэл хэвээр байгаа. Хэрэв орсон тохиолдолд зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт муудаж, гадаадад хийгдэх валютын гүйлгээнд нөлөөлнө. Эргээд эдийн засагт нөлөөлнө. 
  • Түүхий эдийн үнэ ба эрэлт - Үнэ унах эрсдэл байгаа. АНУ, Хятадын худалдааны маргаан, эргээд технологийн салбарт бий болж байгаа нөхцөлүүд нь манай экспортын түүхий эдийн үнэ тодорхойгүй байдалд орох нөхцөлийг бүрдүүлэх тул эрсдэлд тооцсон. 
  • Өвөлжилтийн нөхцөл - Наймдугаар сард хийсэн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар ирэх өвөл хүндэрч болзошгүй гэсэн тул эрсдэлд тооцсон.  
  • Дараагийн эрсдэл арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэр - Үүнийг шалгаад дуусаж байгаа. Хэрэв банкуудын эх үүсвэрийг хуульд нийцүүлж өөрчилнө гэж үзвэл эргээд эдийн засагтаа ачаалал бий болгоно. 

12.9 их наяд төгрөгийн ОРЛОГО олно гэж тооцжээ. Үүний 

  • 82.8%-ийг Татварын орлого
  • 7.7%-ийг Татварын бус орлого
  • 1.2%-ийг Тусламжийн орлого
  • 1.0%-ийг Тогтворжуулалтын сан
  • 7.6%-ийн Ирээдүйн өв сангаас олно гэж төсөөлсөн бол 

13.9 их наяд төгрөгийн ЗАРЛАГА гарах бөгөөд үүний 

  • 40.4% - Тэтгэвэр тэтгэмж, татаас
  • 6.9% - Зээлийн хүүхгийн төлбөр
  • 26.5% - Хөрөнгө оруулалт
  • 15.4% - Бараа, үйлчилгээний бусад зардал
  • 1.8% - Эргэж төлөгдөх зээл байх нь.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцжээ. Улмаар төсвийн алдагдлыг 2021 онд ДНБ-ий 2.8%, 2022 онд ДНБ-ий 1.4%-д хүргэж бууруулахаар төлөвлөж байгаа аж. 

Төсвийн орлогыг бүрдүүлэхдээ

  1. Татварын шинэчлэл - Энэхүү шинэчлэлийн хэрэгжүүлж, эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  2. Гаалийн шинэчлэл - Энэ шинэчлэлийг дуусгаж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспортын байгалийн баялгаас татвараа бүрэн хураана.
  3. Газрын төлбөрийг бүрэн хураана - Энэ чиглэлээр газрын бүртгэлийг цахимжуулан газрын төлбөрийн 40%-ийг сумдад хуваарилна хэмээн тооцжээ. 

Уул, уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ болон экспортын хэмжээг доорх байдлаар төсөөлсөн байна.

 
Эх сурвалж: Сангийн яам

Төсвийн зардлын тухайд 2020 онд 

  • МСҮТ д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэнэ
  • 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлнэ
  • Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож нэмэгдүүлнэ
  • Иргэн амбулаторийн оношилгоо, хөнгөлөлттэй эм, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг дор цогц байдлаар авах боломжийг бий болгоно
  • Төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарт тохирсон санхүүжилт авч, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх болно
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болно
  • Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ
  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа ЗГ-ын бодлогыг үргэлжлүүлнэ
  • Төрийн үйлчилгээний албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно 

хэмээн тусгасан байна. 

Тухайлбал, 2012 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэгийн хооль дотуур байрны хоол, сургуулийн үдийн цайны тарицыг өөрчилж, 50 хувиар нэмэгдүүлэх бөгөөд 180.9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. 

 
Эх сурвалж: Сангийн яам