Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн технологийн салбарын нэгдэл “Web Summit 2019”-д Монгол Улсаас анх удаа сэтгэл зүйн старт-ап оролцохоор болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN

Дэлхийн технологи, инновац, бизнесийнхнийг нэг дор цуглуулдаг хамгийн том чуулга уулзалт болох "Web Summit 2019" ирэх 11 дүгээр сарын 4-7-ний өдрүүдэд Португал улсын Лиссабон хотноо болох гэж байна.

Видео:
 
 
Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс шилэгдсэн гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулагч, захирлууд, томоохон лидерүүдтэй холбох хосгүй боломж олгодог энэхүү томоохон чуулга уулзалтад Монгол Улсаас анх удаа сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндийн "Fullbox" бүтээгдэхүүн оролцохоор уригдсан байна. Тэрбээр зөвхөн Монгол Улсыг төдийгүй дэлхийн сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарыг төлөөлөн “Web Summit 2019”-д оролцох гэж буйг онцлох хэрэгтэй. 
 
 

Түүний оюуны бүтээл болох удирдах түвшний менежерүүдэд зориулан гаргасан “Fullbox” сэтгэл зүйн хэрэглэгдэхүүн нь сэтгэл судлалын салбарт шинэчлэл авчрах зорилготой  бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэдэг утгаараа  зохион байгуулагчид онцгойлон авч үзсэн байна. Энэ хүрээнд тус бүтээгдэхүүний аппликэйшнийг хийж байгаа аж.

“Web Summit 2019”-д:
  • · 70,000 - зочин
  • · 11,000 - CEO
  • · 1,200 - салбар бүрийг төлөөлөх дэлхийн нөлөө бүхий илтгэгч
  • · 80,000 орчим хүсэлтээс шалгарсан шилдэг старт-апууд оролцох юм.

Энэ жил тус чуулга уулзалтад оролцох, дэлхийн технологи, эдийн засгийн хөгжлийг манлайлж буй 11,000 удирдагчаас дурдвал:

  • "Huawei" компанийн ТУЗ-ийн Дэд дарга Гуо Пинг
  • "Microsoft" компанийн ерөнхийлөгч Брэд Смит
  • "Wikimedia" компанийн үүсгэн байгуулагч Кэтрин Махер
  • "Tinder" компанийн CEO Эли Сейдман
  • "eBay" компанийн CEO Дэвин Вениг
  • "Booking.com" компанийн CEO Жиллиан Танс
  • "Uber"-ийн CPO Маник Гүпта нарыг нэрлэж болно.

Дээрх хоёр мэдээллээс “Web Summit 2019” ямар өндөр ач холбогдолтой, хөрөнгө оруулалтыг асар том боломж олгодог уулзалт болохыг харж болно. Тийм ч учраас энэхүү чуулга уулзалтыг 

  • "Forbes" сэтгүүл - "Манай гараг дээрх технологийн хамгийн шилдэг уулзалт"  
  • "The Atlantic" - "Web summit-дээр ирээдүй төрдөг"  
  • "The New York Times" - "Технологийн салбарын гэгээнтнүүдийн өндөр түвшний уулзалт" хэмээн тодорхойлжээ.
 

“Web Summit” нь дэлхийд тулгараад буй бэрхшээлд шийдэл болохуйц, хүн төрөлхтний аливаа хүндрэлийг технологийн хүчээр шийдвэрлэх санал санаачлага бүхий гарааны бизнесүүдэд өөрсдийн бүтээлийг танилцуулж, сая сая хөрөнгө оруулалт татах боломжийг олгож ирсэн. 

Харин Монгол Улсаас технологийн томоохон компаниуд, бизнесүүдээс урьтаж технологид суурилсан сэтгэл зүйн бүтээл анх удаа оролцож, дэлхийд танигдаж, хөрөнгө оруулалт татах гэж буй нь монгол хүн оюуны экспортоороо бас нэгэн цахиур хагалах боломжийг олгож байгаагаар энэ удаагийн чуулга уулзалт манай улсын хувьд маш том ач холбогдолтой юм.